sonin.mn
 
 
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордон ээлжит хуралдаанаа хийв.
Бүлгийн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн мэдээллийг сонссон байна. Ингээд уг хуулийн төслийг чамбай бэлтгэгдээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул парламент дахь намуудын бүлгийн удирдлагатай эргэж ярилцахаар тогтжээ.  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж тухайн орон нутагт уул уурхайн хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бол хайгуулын тусгай зөвшөөрөл авсны төлбөрийн хэмжээний 50 хувийг тухайн орон нутагт үлдээх, хэрэв олборлолт явуулж байгаа бол нөөц ашигласны төлбөрийн 33 хувийг орон нутагт үлдээх хуулийн нэмэлт санаачилсныг бүлгийн гишүүд дэмжихгүй гэжээ. Энэ мэтээр уул уурхай дагасан  орон нутагт илүү бололцоо олгох замыг сонгох нь улс орныг тэнцвэртэй хөгжүүлэх бодлого алдагдахад хүрнэ гэж үзсэн аж. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төмөр зам, эрчим хүчний салбарын зээлийг улсын өрд оруулахгүй гэсэн заалтыг мөн дэмжихгүй гэдэг дээр санал нэгдэв.
 
Бүлгийн дарга Н.Батцэрэг, “Улсын өр гэдэгт нийт аж ахуйн нэгжүүдийн өр багтдаг. Түүнчлэн улс орны эдийн засгийг бүхэлд хянах боломжгүй байдалд хүрнэ. Ийм байдлаар өрийн босгыг нэмэгдүүлэх нь үндэслэлгүй” гэв. Тус бүлгийн гишүүд Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байна.  1995-2015 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэд энэхүү боломжийг эдэлснээр тэтгэвэрт гарах бололцоо нээгдэнэ гэж үзжээ. Үүний зэрэгцээ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай, Сонгуулийн тухай зэрэг нийгэмд хүлээлт үүсгэж буй хуулиуд наадмын үеэр хэлэлцэхээр товлосныг наашлуулах нь зүйтэй хэмээн ярилцжээ. Эдгээр хуулийн төслийг тавдугаар сарын дундуур гэхэд хэлэлцэх ёстой гэсэн зарчим дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг