sonin.mn
 
 
Энд хүрэлцэн ирсэн профессор багш нар, боловсролын салбарын хамт олон та бид чухал үйл явдлын нээлтэд оролцож байна.
 
Төр засгийн түвшинд, иргэдийн дунд, улс орон даяараа Монгол Улсаа хэрхэн хурдтай хөгжүүлэх вэ, хөгжингүй орнуудын түвшинд хэрхэн хурдтай хүрэх вэ гэдэг сэдвээр байнга хэлэлцүүлэг, ярилцлага явагдаж байдаг. Иргэний танхим ч гэсэн энэ төрлийн хурал зөвлөгөөн явуулдаг газруудын нэг юм.
 
Монгол Улсын хөдөлгөгч хүч бол боловсрол мэдлэгтэй, чадвартай монгол хүн юм. Үүнээс өөр гарц бодож олоогүй. Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам.доллар, харин дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт дундажаар 50-60 ам.доллар" гэсэн тоо баримт дурдагдаж байна билээ. Тэгэхээр бид дэлхийн түвшинд ажиллаж, амьдрахын тулд, дэлхийн түвшинд цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ бидэнд үүнийг хийх 100 жил байхгүй.
 
Мэдээж уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил бидэнд бололцоо олгоно. Энэ бололцоог улс үндэстнийхээ тогтвортой хөгжил болгох үндсэн шийдэл бол бид бүтээмжээ богино хугацаанд эрс дээшлүүлэх  шаардлага байна. Тэгвэл бүтээмжээ хэрхэн нэмэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгохоор шийднэ, өөр зам бидэнд байхгүй. 3 сая иргэдээ тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангаж, боловсролтой 3 сая иргэнээ өргөнөөр татан  оролцуулах сонголт байгаа. Өөр явах зам үндсэндээ байхгүй гэсэн үг.
 
Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын тухай санаачлага”-ууд юм. 2013 оны 10 дугаар төсөв хэлэлцэж байхад УИХ-аас 2014 оны улсын төсөвт “Нээлттэй мэдлэг боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хөрөнгийг  баталсан. Үүгээр Боловсрол, Соел, Шинжлэх Ухааны яам тендэр зарлаж, "Нээлттэй боловсролын сан" шалгарч, АНУ-ын ХАН академийн эхний 500 видео хичээлийг олон нийтэд, захиалагчдаа хүлээлгэн өгч байна.
 
Боловсрол, Соёл,Шинжлэх Ухааны яам, “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-тай богино хугацаанд эрчтэй, үр бүтээлтэй хамтран ажилласныг энд тэмдэглэж, УИХ-ын даргын хувьд, мөн энэ санаачлагыг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Н.Батцэрэг гишүүн, Л.Гантөмөр сайд болон яамны ажилтнууд, “Нэг Монгол” төслийн багт баяр хүргэе.
 
Эдгээр видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болно. Түүнээс бүх асуудлыг үүгээр шийднэ гэж үзэхгүй байгаа юм. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.
Улсын төсвөөс энэхүү санхжүүжилтийг баталсан өөр нэг зорилго бол 3 сая иргэнийхээ тасралтгүй сурч боловсрох, чадваржих орчин, дэд бүтцийг бий болгох байв. Миний үеийнхэн бол 10, 20 жилийн өмнө дээд сургууль төгсөөд, одоо миний мэдлэг боллоо гээд орхидог байсан. Одоо нийгэм өөрчлөгдөж, тасралтгүй суралцахгүй бол хоцрогдоно гэдэг ойлголттой болсон байна. 
 
Нээлттэй боловсролын энэ санаачлагуудад УИХ өндөр ач холбогдол өгч, тууштай дэмжих зорилготой ажиллаж байна. Видео хичээл орчуулахаас гадна Монголын сургалтын бүхий л системд бий болж буй энэ их мэдлэгийг ямар нэг саадгүйгээр суралцахыг хүссэн бүх хүнд хүртдэг байхыг дэмжих чиглэлээр дараа, дараагийн Ажлын хэсэг байгуулсан, мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогодоо тусган оруулсан зэргээр УИХ ажиллаж байна.
 
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай, дэлхийн 7 тэрбум хүний дунд өрсөлдөн амьдрах чадварлаг иргэдтэй, тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг үндэстэн болох зорилготой. Бид 3 сая хүн дотроо өрсөлдөх бага хэрэг болсон, бид дэлхийн бүх хүнтэй өрсөлдөж ажилд орох шаардлага тулгарч байна. Ажил  глобалчлагдаж байгаа учраас тэр хэмжээний мэдлэг, чадварыг шаардаж байна. Нээлттэй мэдлэг боловсрол нь монголын боловсролын бодлогын тэргүүлэх хэсэг цаашдаа болно гэдгийг хэлье. Та бүхэнд амжилт хүсье.
                Анхаарал тавьсанд баярлалаа!