sonin.mn
 
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 2015 оны гуравдугаар сарын 4-нөөс энэ сарын 8-ны байдлаар 859 бүртгэгдсэнээс 199 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Өвчний дэгдэлт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь аймагт уг өвчин бүртгэгдээд байна. Өртөлтийн түвшин 0-11 сартай хүүхдүүдэд хамгийн өндөр, 0-8 сартай хүүхдүүд буюу вакцин тарих  нас хүрээгүй хүүхдүүд 43,4 хувьтай байгаа юм. УГУ вакцин дархлаажуулалтын хөтөлбөрт нэвтэрсэнээс хойш вакцинд хамрагдсан байх насны / есөн сараас 6 нас/ хүүхдүүдэд  батлагдсан тохиолдлын 17,5 хувь, үүн дотор вакцины нэг тунг авсан 11 хүүхэд, 2 тун авсан 1 хүүхэд байв.
 
Батлагдсан тохиолдлын 98 хувьд гүвдрүүт тууралт, 94 хувьд халууралт илэрсэн байна.  Сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ  авч мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм. Улаанбурхан өвчний  дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний  төлөвлөгөөг ЭМС-ын Дэд сайдаар батлуулан, аймаг, орон нутагт хүргүүлэн ажиллаж байна. 
 
Дархлаажуулалтын зөвлөх хороо болон  тарилгатай халдварт өвчнийг устгасныг баталгаажуулах хорооны хурлыг хамтруулан зохион байгуулж,  улаанбурханы өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. Хурлаар улаанбурханы эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахыг  дэмжсэн. Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг технхикийн туслалцаа  авах хүрээнд  ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарсан уулзалтууд хийж, нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай улаанбурханы эсрэг вакцины захиалгыг НҮБ-ийн Хүүхдийн санд хүргүүлжээ.
 
ЭМСЯ-ны вакцин биобэлдмэл худалдан авах үнэлгээний хороо хуралдаж, тендерт ирүүлсэн материалуудад үнэлгээ  хийсэн байна. НЭМГ-ын харъяа ЭМБ-ын эмч, ажилчдад улаанбурхан өвчний өвчлөл, хариу арга хэмжээ, эмчилгээ оношлогооны талаар өдөрт хоёр ээлжээр сургалт зохион байгуулж , 9 удаагийн сургалтанд 740 гаруй эмч, мэргэжилтэнг хамруулжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг