sonin.mn
 
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 842 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 707 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 785, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.
 
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна.
 
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг  дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, батлуулсан байна.
 
 Товч мэдээ
 
 “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Төслийн ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав. 
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, яамдаас ирүүлсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
 
 Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын  ажиллагааны хэлэлцээр”-т тусгагдсан зарим төслүүдийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
 
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзээд уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд зохих журмын дагуу оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав.
 
Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-д “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасан бараа, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр арилжсан тухай тодорхойлолт” гэсэн заалт нэмлээ.
 
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж, Ц.Эрдэнэбилэгийг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Д.Бэхбатыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.        
 
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг