sonin.mn
 
 
 
Жасрай сан, МУИС, НАМЗХ-ноос оюутнуудын дунд зохион байгуулсан “ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ: бодлого, шийдэл”эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд боллоо.
 
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Жасрай сангаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах, түүнчлэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Мөн оюутан залууст өнөөгийн эдийн засгийн хямрал, түүнийг шийдвэрлэх хувилбар, арга замын талаарх өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх бололцоо олгож буйгаараа онцлог юм.
 
 
Эрдэм шинжилгээний бага хуралд П.Жасрай агсны зээ охин, Жасрай сангийн тэргүүн, МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа оролцсон юм. Тэрбээр эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр энд хуран цугларч энэхүү “Тогтвортой эдийн засаг: бодлого-шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар эх орныхоо хөгжил дэвшлийн тухай ярилцаж, алдаа оноогоо шүүж, санал бодлоо солилцож, ялангуяа Монголын ирээдүйн эдийн засгийн бодлого тодорхойлогчдыг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь Жасрай гуайн үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна.Өнөө маргаашаа бодвол Талхаа барь , Хагас жил, жилийн дараахийг гэвэл ногоогоо тарь, Зуун  жилийн цаадахыг гэвэл мод тарь, залуучуудаа дэмж гэдэг  ухаантай үг байдаг.Энэ утгаараа бид оюутан залуусдаа өөрийгөө хөгжүүлж, найз нөхөд, хүрээлэн буй орчныхоо хүмүүстэйгээ оюуны баялагаа хуваалцахад дэмжлэг үзүүлж ажилладаг гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй дунд, урт хугацааны  Хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөө байхгүй байна. Энэ талаар саяхан болсон “Эдийн Засгийн форум” дээр тусгайлан авч үзсэнийг Та бүхэн мэднэ байх. Иймд бид алсын хараатай, цэгцтэй бодлоготой болцгооё. Үүнийг боловсруулахад өнөөдрийн илтгэгчдээс үнэтэй санал, зөвлөмжүүд гарч ирнэ гэдэгт бид найдаж байна” хэмээлээ.
 
Энэхүү ЭШБхурал нь 4 дүгээр сарын 2-нд Дархан хотод зохион байгуулагдсан бөгөөд эхний 3 байр эзэлсэн оюутан залуус өнөөдрийн хуралд ирж оролцсон юм байна. Энэхүү хуралд танилцуулагдсан 15 илтгэлээс гурван байр тодруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн оролцогч бүрт дурсгалын зүйл гардуулжээ.
 
Хуралд оролцсон оюутнуудаа 4 дүгээр сарын 18-ны Бямба гарагт Дархан-Уул аймгийн “Монгол Алтан тос” ХХК-ийн үйлдвэрийн байртай танилцах, Дархан хотын эдийн засгийн чиглэлийн оюутан залуусын дугуй ширээний ярилцлагад авч явах юм байна. Энэхүү аялалын аюулгүй байдалд Ард Даатгал ХХК анхаарч оюутан залуусын амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцах ажээ.