sonin.mn
 
Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Унгарын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцег нарыг албан ёсоор угтан авлаа.
Тэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа төрийн ордны “Баганат” танхимд Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Унгар Улсын Ерөнхийлөгч Янош нарын ганцаарчилсан уулзалт эхэлж байна. 
Монгол Улс Унгар улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоожээ. 1984 онд хоёр орны хооронд байгуулсан Найрамдал хамтын ажиллагааны гэрээг шинэчилсэн байна. Улмаар 1998 онд хоёр орны харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон гол баримт бичиг "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулсан.
 
Улс төрийн харилцаанд 1990 оноос хойш дээд, өндөр хэмжээний болон төрийн өндөр албан тушаалтны айлчлал тогтмолжжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНУУ-ын Ерөнхийлөгч Мадл Ференцийн урилгаар 2005 оны дөрөвдүгээр сарын 25-29-нд БНУУ-д төрийн айлчлал хийж байв.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг