sonin.mn
 
 
Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга ихтэй, цаг агаар тогтворгүй байх учраас ОБЕГ-аас гал түймрийн аюулаас сэрэмжтэй, зүүн аймгийн зарим нутагт унтраагүй байгаа түймэр өргөжиж болзошгүйг анхааруулж байна.
Өнөө шөнө Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулаад байгаа. Зарим аймгуудад хээрийн түймэр гарч байна. Өнгөрөгч даваа гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийг хамран шатаж, одоогоор бүрэн унтраагүй байна. Мягмар гаригт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын өгсөн мэдээллээр түймрийн уршгаар 6 айлын гэр болон хаваржаа, өвөлжөө өртөж, мөн цөөнгүй тооны мал шатсан. Түмэнцогт сумын иргэд түймрийг унтраахаар бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлж байгааг хэлж байна. Мөн зэргэлдээх аймаг, сумдаас түймрийг унтраахаар нэмэлт хүч гараад байгаа аж. Өнөөдөр тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг