sonin.mn
 
 
“Хөгжлийн төлөө түншлэл” уриатай “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтад Хотын дарга нийслэл хувийн хэвшилгүйгээр хөгжихгүй хэмээн онцлов.
Тэрээр хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийнхэн хөгжиж чадна гэдгээ батлан харууллаа. Өмнө нь төрийн бүх хүчийг дайчлан хийдэг байсантай адил хэмжээний бүтээн байгуулалтыг 13 жилийн дотор хийсэн. Олон ч хорооллыг өмнөхөөсөө хурдан босголоо. Өндөр хөгжилтэй хотуудад байдаг шилэн цамхгуудыг манай барилгачид ямар ч гологдол, дутагдалгүй барьж байна. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх стратегийг УИХ-д өргөн барихдаа би их итгэл дүүрэн байсан. Учир нь бидэнд тэр чадамж бий. Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 2009 онд ЖАЙКА-гаас хийсэн судалгаагаар 9.8 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг хотын дэд бүтцийг сайжруулахад хийх хэрэгтэй гэсэн. Харин бидний хийсэн тооцоогоор 24.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо энэ бүхнийг цаасан дээрээс бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнд хадаг барихаас өөр аргагүй. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг татан, төр-хувийн хэвшлийн түншлэлээр дээрх ажлуудыг хийнэ. Яаж ийж байгаад хувийн хэвшлийнхнээр юм хийлгэнэ гэж зарим улс төрч бодож болох юм. Улс төрчид даанч итгэл их эвдсэн тул одоо биднээс хөрөнгө оруулагчид ажил хэрэгч байдал шаардаж байна. Түүнчлэн хот байгуулалтын санаачилгыг хувийн хэвшилд шилжүүлье. Төр хувийн хэвшлийн түншлэл эрх тэгш байх ёстой. Хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх Хөгжлийн корпораци байгуулна. Гэхдээ энэ нь захиргаадалтын байгууллага биш юм шүү. Бид үйлчлэх засаглал байх ёстой. Тэрнээс засаглаж удирдах ёсгүй. Социализмын энэ хуучин үзлээс салах хэрэгтэй. Мобиком, Голомт шиг үйлчлэх ёстой. ТЭДИ шиг томоохон үйлчилгээний төвийг удахгүй байгуулна” хэмээн тодотголоо.
 
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтын төлөөлөгчид ийнхүү ярьж байна.
 
 
НИТХ-ын дарга Д.Баттулга:
 
-Эл чуулга уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын нөөц боломж, эрэлт хэрэгцээг бизнес эрхлэгчдэд таниулахад чиглэж байна. Аливаа улс орны үндэсний бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэдэг. Тэр утгаараа Улаанбаатар хотын хөгжилд бизнес эрхлэгчдийн идэвх, санаачилга юу, юунаас чухал юм. Тиймээс нийслэлээ хөгжүүүлэхэд тэдний дэмжлэгийг авч, бүх талаар түншлэн ажиллах хүсэл эрмэлзлэл, шаардлага бий. Энд цугласан төлөөлөгчдийн санал санаачилгыг нэгтгэн форумаас гарах шийдвэрт тусгана.
 
Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од:
 
-Хотын бэрхшээл иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж бүрт мэдрэгддэг. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын асуудлуудыг шийдэхэд чухал. Ая тухтай, хөдөлмөр эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх нь зөвхөн хотын дарга болон нийслэлийн засаг захиргааны ажил биш. Нийслэлийн иргэн бүрт хамааралтай. 
Хөгжилтэй орнууд хотын тулгамдсан асуудлаа шийдэхэд PPP буюу төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хувийн хэвшлээ татан оролцуулдаг болсноос хойш 200 гаруй жил өнгөрчээ. Ийм төслүүдийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн нь Европ, Хойд Америкийн орнууд юм. PPP-д оролцох гэж байгаа талууд ажил эхлэхээс өмнө бэлтгэлээ маш сайтар хангах ёстой. Хамтын алсын хараагаа тодорхой болгох, түнш болон гол оролцогчдын эрх ашгийг ойлгож харьцах, эрсдэл ашиг хоёрыг зөв тооцох, хоёр тал тоглоомын дүрмээ маш тодорхой болгох хэрэгтэй. Түүнчлэн тухайн төслийг тууштай дэмжиж, хамгаалж явах нийгмийн лидер байх шаардлагатай. Харилцан итгэлцлийг маш тодорхой болгох ёстой.
 
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат:
 
 - Энэ чуулга уулзалтаар хувийн хэвшлийнхний нөөцийг ашиглах замаар нийслэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах шаардлага бий болсонд төвлөрч байна. Шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр 10-аад шинэ хороолол байгуулна. Хотын дэд бүтцийн шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байна. Тиймээс холбогдох инженерийн байгууллагууд ажиллаж эхэлсэн. Түүнчлэн орон сууцны талаар урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлаад байна. Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 100 хувь хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлж эхэллээ. Хот зөвхөн дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлж байгаа. Хотын үндсэн зорилт бол төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг нийлүүлэх явдал юм. Энэ хүрээнд гэр хорооллын 30 гаруй хувьд дахин төлөвлөлтийн ажил өрнөж байна. Орон сууцны түрээсийн хэлбэрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа: 
 
-Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтынх нь хувьд яаж төлөвлөх вэ гэдэг талаас нь төлөвлөж ирсэн. Хамгийн сүүлд хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аар баталсан.  2030 он хүртэлх төлөвлөгөөнд зам гудамж, сургууль цэцэрлэгийн тоо зэрэг барилгын норм нормативын төлөвлөлтийг орон зайн хувьд хийсэн байдаг. Тэнцвэртэй байж хот хөгжинө. Хотын цаашдын хөгжлийг төр хувийн хэвшлийн түншлэлгүйгээр харахгүй байна.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
 Гэрэл зургийг Т.Чимгээ