sonin.mn
“Эбола” вирусийн халдвартай тэмцэхэд нь Баруун Африкт эдийн засгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама онцлон тэмдэглэлээ.
Обама лхагва гарагт Цагаан ордонд Либери, Гвиней болон Сьерра-Леоны ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзжээ.
 
Тус бүс нутагт шинээр халдвар авсан тохиолдлын тоо буурч байгааг Ерөнхийлөгч Обама сайшаасан байна. Шинээр халдвар авсан 40 хүрэхгүй тохиолдол долоо хоногт бүртгэгдэж байгаа аж. Гэхдээ тэрбээр тайвшрах болоогүй байгааг анхааруулахын сацуу сонор сэрэмжтэй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
 
“Эбола”-гийн тархалтыг зогсоох болон уг вирусийн тархалтад нэрвэгдсэн бүс нутагт хэвийн амьдралыг сэргээх арга замыг хэлэлцэхээр Африкийн тус гурван улсын төрийн тэргүүн нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй маргааш уулзах аж.
 
“Эбола”-гийн анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд Гвинейд бүртгэгдэж байсан юм.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Баруун Африкийн энэ гурван улсад “Эбола”-гийн халдвар авсан нь тогтоогдсон, авсан байж болзошгүй тохиолдлын тоо 24 мянгаас давснаас 10 000 гаруй нь нас баржээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг