sonin.mn
 
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сайхан хаваржиж байна уу? Өмнийн их говиор хаваржилт тавлаг уу?
 
Манай аймгийн хувьд хаваржилт сайхан болж байна. Аймгийн нийт нутгийн 60 орчим хувь нь өвс бэлчээр сайхантай хаваржаа сайхан байна. Үлдсэн 40 орчим хувь нь тааруухан байдалтай. Яг одоогийн байдлаар хүндхэн хаваржиж байгаа газрууд байхгүй. Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 776 мянган хээлтэгчээс 6,2 % нь төллөсөн. Төл 99,9 %-ийн бойжилттой сайхан хаваржиж байна. 
 
-Их говьд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байна вэ? 
 
Бид бүхэн бүтээн бай­­гуулал­­тын аж­­луудыг нилээд хийгээд байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 5 гол зүйлийг баримталж ажиллаж байгаа. Үүнд 1. Эрүүл мэндийн асуудал, 2. Боловсролын асуудал, 3. Дэд бүтцийн асуудал, 4. Иргэдийн нийгмийн асуудал, 5. Байгаль орчны гэсэн гол 5 зүйл дээр анхаарлаа хандуулж, тухайн чиглэлүүдээр Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын хувьд орон нутгийн жишигт хүргэх, Эмч мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, Эмч нарт шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжөөр хангах, ахуй амьдралаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх, цаашид мэргэшүүлэх, зэрэг олон асуудлууд дээр онцгой анхаарч ажиллаж байна. Түрүүч нь 
 
Бүтээн байгуулалтын хувьд бидний зүгээс дэд бүтцийн асуудлыг нилээд чухалчлан авч үзэж байгаа. Аймгийн хэмжээнд сүүлийн 2 жил 40 гаруй км хатуу хучилттай зам тавьлаа. Түүнээс гадна 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд үндсэндээ 2015 онд орон нутгийн оролцоотой 1000 айл орон сууц ашиглалтанд орох гэж байна. 2015 онд үндсэн чиглэл төсөвтөө сум болгонд нэг том бүтээн байгуулалтын ажил хийе гэсэн зорилготой ажиллаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 800 орчим хүүхдийн цэцэрлэг барьж бүрэн ашиглалтанд оруулсан. Одоо 1200 хүүхдийн сургууль барьж байна. Энэ жишиг цаашид үргэлжлэн сумдын тамгын газар, сургууль, цэцэрлэг зэрэг нилээд том бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд явж байна. Энэ бүх ажлуудыг хийхээсээ өмнө тухайн сумын иргэдээс санал авч шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр ажиллаж байна.
 
-Өмнөговь гэхээр хү­мүүст хам­гийн түрүүнд уул уурхайгаар төсөөлдөг болсон. Орон нутгийн ард иргэд баялагийн хишгийг хэр хүртэж байна вэ?
 
Өмнөговь аймгийн иргэдийн хувьд бусад аймгуудтай адил тэгш хүртэж байгаа. 2008-2012 оны хооронд нутгийн хишиг хөтөлбөрийг амжилттай хэрэг­­жүүлсэн. Энэ хөтөл­­бөрийг хэрэгжүүлэх явцад олон хүнээс шүүмж болон магтаал сонсож байсан. Дан ганц Өмнөговь аймгийн иргэдийн баялаг биш. Томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжээд ирэхээр Өмнөговийн ард иргэд эрүүл мэнд, газар шороо, байгалийн баялаг зэрэг маш олон зүйлээрээ хохирч үлддэг. 
Иймээс аймгийн удирдлагуудын зүгээс Өмнөговийн иргэд давуу эрхтэй гэдэг утгаараа орон нутгийн 51хувьтай Тавантолгой уурхайгаас нэг иргэнд 500,000 төгрөгийн нутгийн хишгийг олгосон. Одоо бол Монгол улсын иргэдэд ямар хувь хэмжээ ноогдох ёстой юм яг түүнийжишгээр хүртэж байна. Түүнээс биш бусад аймгуудын иргэдээс давуу эрхээр хүртэж байгаа асуудал байхгүй. 
 
-Баялаг дагасан хараал гэж бий. Уул уурхайн баялагаас болж орон нутгийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа бол?
 
- Энэ асуудал бол үнэхээр анхаарал татсан асуудал юм. Өмнөговь аймагт Оюу-толгой, Тавантолгой, Ухаа-Худаг, гэх мэт томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Өмнөговь аймаг бол байгалийн асар их баялагтай учраас уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Бидний хувьд ч байгалийн баялагаараа бахархаж явдаг. Гэтэл томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээс болж Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нийгмийн хариуцлага ихээхэн яригдах болсон мөн төр засгийн зүгээс ч анхаарал хандуулах нь тааруухан байгаа. Иймд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр сүүлийн жилүүдэд байгалийн хувьд асар их хэмжээний хохирол амсч байна. 
Тухайлбал тоосжилж ихэсч газрын хөрс эвдэгдэж байна. Үүнийг дагасан маш олон салаа замууд бий болж байна. Энэ олон салаа замыг нэгтгэж засмал зам тавих, тоосжилтыг багасгах, төв сууринг анхаарах асуудлыг тавьж байгаа боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байна. Бид бүхэн нэг талаасаа бахархаж байгаа ч нөгөө талаасаа энэ талын зовлон маш их байна. Хамгийн гол нь байгалиа хамгаалах асуудал дээр онцгой анхаарал хандуулах шаардлага нэн тэргүүнд яригдаж байна. 
 
-Өнөөдөр Өмнөговь аймгийн уул уурхай яг үнэн бодит байдал ямар дүр зурагтай байгаа вэ? 
 
-Уул уурхайн салбарын үйл ажиллагаа сүүлийн 2 жилийн хугацаанд саарсан байдалтай байна. Томоохон компаниуд нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч зарим аж ахуй нэгж компаниуд нь үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна. Энэ нь ашигт малтмал зах зээлийн үнэ буурсантай холбоотой. Үүнээс болж уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс маань ажилгүй болох, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх байдал ихээр ажиглагдаж байна.Миний бие Ярилцлагынхаа эхэнд хэлсэн байгаль хамгаалах асуудал дээр нилээд анхаарал хандуулж ажиллахгүй бол орон нутаг маань аюултай нөхцөл байдалд байна. 
 
-Б.Бадраа гэж хүн хоёр удаагийн сонгуулийн бүрэн бүрэн эрхийн хугацаанд Аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд сайн муу олон нэрийг зүүж байгаа нь сонсогдох юм. Энэ талаар тодруулвал?
 
-Аймгийн Засаг даргын ажил гэдэг бол үнэхээр хариуцлагатай, нэр хүндтэй ажил байдаг. Үүний хажуугаар улс төржилт гэж хэцүүхэн юм бий. Жишээ аваад ярьвал өөрийн намын хүн ажил хийхгүй зүгээр суугаад байвал болж байна бүтэж байна гэж магтаж суудаг. Болохгүй бүтэхгүй юм хийж байсан ч үзээгүй сонсоогүй юм шиг явж байдаг. Өөр намын хүн хичнээн ажил хийгээд хичээгээд явлаа гэхэд алдах онох юм байлгүй л яахав. Алдаан дээр нь дөрөөлж аль болох хийсэн бүтээснийг нь үгүйсгэх ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү зүйлүүд олон ажиглагдаж байдаг. Үнэхээр хийж бүтээсэн зүйлтэй бол ард түмний өмнө ил тод харагдаж байдаг. Энэ ажлыг хийхэд улс төржилтийн асуудал хамгийн их саад учруулдаг. 
 
-Та чинь нэг талаараа Монгол улсын засгийн газрын төлөөлөл нөгөө талаараа энэ нутгий хүү шүү дээ? Засаг төр, орон нутаг хоёр бие биенээ ойлгохгүйд хүрэх тохиолдол гардаг уу? 
 
-Улс төржилтөөс болж Засаг төр , орон нутаг хоёр бие биенээ ойлгохгүй тохиолдол бий. Өөрөөр хэлбэл нөгөө намын засаг тогтож байх үед хориг саад тавиад байхгүй ч гэсэн хийж байгаа ажлуудыг нь дэмжихгүй байх асуудал байдаг байсан. Өөрийн нам засаг төр барьж байх хугацаанд ойлголцоод явах, төлөвлөсөн ажлуудыг дэмжих арай илүү сайн талдтай байдаг. Нэгэнт төр засаг гэж байгаа тохиолдолд улс төрийн үзэл бодлын зөрүү ялгаа байна уу гэхээс огт дэмжихгүй байна гэсэн ойлголт байхгүй. 
\
-Бадраа даргыг ямар нэгэн улс төрийн нөлөөнд ордоггүй. Бие даасан ертөнц гэж ярьдаг. Таны ийм бие даасан хүчирхэг байх нууц нь юундаа байдаг вэ?
 
-Үүнд нууц гэж байхгүй. Хүн болгонд өөрийн гэсэн үзэл санаа, бодол байдаг. Тухайн бодлынхоо дагуу явж байхад болохгүй юм гэж байхгүй. Хэн нэгнийг дуурайж хэн нэгний нөлөөнд автана гэдэг бол хувь хүнд байж боломгүй асуудал гэж боддог. 
-Та өөрийгөө цөөн үгээр тодорхойлооч? 
-Энэ сайхан нутагтаа төрж өсөн Аймгийн даргаар ажиллаж байгаа хүний хувьд төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө бага ч гэсэн юм хийж бүтээх юмсан гэсэн бодолтой сайн муу хэлэгдээд алдаж онож яваа жирийн хүндээ. 
 
-20 жилийн түүхтэй манай орны ардчиллын замналыг юу гэж дүгнэж байна вэ? 
 
-Ардчилал бий болсноор олон сайн сайхан зүйлүүдийг авчирсан үүнийг үгүйсгэх аргагүй. Ардчилал гарснаар бид бүхэнд байхгүй юм болгоныг авчирсан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжыг хангаж өгсөн. Яриад байх юм бол ардчиллын үр шим маш их. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн жилүүдэд ардчиллын алдаж онох зүйлүүд гарч ирж байна. 90 оны ардчилсан хувьсгал хийсэн энэ зорилгоосоо багахан хазайгаад байна уу даа гэж хувь хүнийхээ үүднээс бодож явдаг. Ардчиллын үнэ цэнийг хэзээч үнэлээд барахгүй. Гол нь анхныхаа зорилгоос багахан хазайсан юм болов уу? гэж бодож явдаг. 
 
- Энэ засгийн газраас та юуг хүлээж байна вэ?
 
-Одоо байгаа Засгийн газраас их зүйл хүлээж байна. Орон нутагт шийдэгдэхгүй байгаа олон ажлууд бий. Уул уурхай дагасан асуудлуудыг яаралтай шийдэлд хүрэхийг хүлээж байна. Уул уурхайн томоохон төслүүдийг шийдэхээс гадна төслийг хэрэгжих явцад шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг шийдэх шаардлагатай байна. 
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн аймгийн хувьд байгаль орчны асуудалд онцгой анхаараал хандуулаасай тодорхой арга хэмжээ авч шийдэлд хүрээсэй гэж хүлээж байна. Мөн Өмнөговь аймаг 2 хилийн боомттой. Энэ боомтоо хөгжүүлэх, замын асуудал ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд гэх мэт тодорхой зүйлүүдийг шат дараатай хийх болов уу
 
-Монгол улсын хөгж­­лийн гарцыг юу гэж үздэг вэ?
 
-Монгол улс уул уурхай хөгжсөн байгалийн баялаг ихтэй орны хувьд ядуурал ихсээд байдагыг би хувьдаа хариуцлагатай холбоотой гэж үздэг. Энэ их байгалийн баялгыг үр дүнтэй ашиглаад явах юм бол улс орон маань хөгжих болно. Улс орны хөгжил цэцэглэлт уул уурхайтай холбоотой учраас бидэнд олдсон энэ их баялагаа зөв зохистой ашиглаж чадвал бид дэлхийн хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн алхахад ойрхон байна. 
 
Эх сурвалж: