sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Эврика-2015” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал амжилттай болж, өнөөдөр /2015.04.16/ өндөрлөв. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд тус их хурлын хаалтын арга хэмжээнд оролцож, шилдэг багш, оюутны гранпри шагналыг гардуул, хаалтын үг хэллээ.
 
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар салбар бүрээс шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлж, 1 залуу багш, 1 оюутан гранпри шагналын эзнээр шалгаруулсан юм. “Эврика 2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдгээр Анагаах ухааны салбараас оролцсон, МУИС-ийн оюутан Б.Буянхишигийн “Үсхий ортууз /Oxytropis Lanata (Pall) DC/ ургамлын ацетилхолинэстреза ферментийг дарангуйлах идэвхийн судалгаа” сэдэвт илтгэл шалгарч гранпри шагнал хүртлээ. Мөн газарзүй, геологийн салбарт “Баруун өмнөд Монголын цээлийн террейны хувирмал чулуулгын дулааны хувьсал болон Төв Азийн Ороген бүсийн гүний чулуулгийн түрэлтийн хоорондын хамаарал” сэдэвт илтгэлээрээ оролцсон ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал шилдэг багшаар шалгарч, гранпри шагнал хүртсэн юм. 
 
 
Эрдэм шинжилгээний их хурлыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Манай залуу судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн дотооддоо яриад байх биш, дэлхийн шинжлэх ухааны тогтсон дэг жаягийн дагуу ажиллах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулийн магистрант, докторантын диссертаци төдийгүй, баклаврын төгсөх оюутны дипломын ажил ч гэсэн тухайн шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэхийг зорилгоо болгосон, урд өмнө хэн ч шийдэж чадаагүй жижиг боловч асуудлыг сонгон авч судалдаг байх ёстой” гэв. Түүнчлэн их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд аж үйлдвэрийн салбаруудтай нягт хамтран ажиллаж, улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жинтэй хувь нэмэр оруулж явахыг бас нэг үндсэн чиглэлээ болгох нь зүйтэй гээд  “Эврика”-д оролцогчдод дэлхийн  дэвжээн дээр өрсөлдөж ялалт байгуулахыг хүсэн ерөөлөө.
 
“Эврика” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Залуучуудын холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байна. УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс их хурал болон хүрээгээ тэлжээ. Тус их хурлын салбар хуралдаанууд 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд амжилттай болж өндөрлөсөн юм. Залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний их хурлаар эдийн засаг, анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес зэрэг есөн салбараар багш, оюутнуудад шагнал гардуулсан юм  гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.