sonin.mn

ВЛАДИВОСТОК. /ITAR-TASS/. ОХУ-ын Алс Дорнодод гарсан ойн түймрийн ихэнхийг бороо хур орж унтраажээ.

Амар мужид асч байсан түймрийн гурван голомтыг ойн түймэртэй тэмцэх ангийн хүчээр унтрааж чадсан тухай Алсын Дорнодын тойргийн ойн аж ахуй эрхлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Амар мужийн нутаг дэвсгэрт асч байсан ойн түймрийн гурван голомтыг өнгөрсөн өдрүүдэд унтрааж чадлаа. Бүс нутагт гарсан түймрийг унтраахад ойн түймэртэй тэмцэх албаны 26 хүн, 11 нэгж техник оролцжээ.

Энэ нутагт дөрөв дэх өдрөө бороо үргэлжлэн орж байна.

Алс Дорнодын Онцгой байдлын албанаас мэдээлснээр, бороо хур орсноор гал түймрийн аюулыг эрс бууруулжээ. Хиймэл дагуулаас авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Алс Дорнодод хоногт 200-250 хээрийн түймрийн голомт бүртгэгдсэн бол одоо 13 голомт асч байгаа аж.

Цаг уурчдын мэдээлснээр, ойрын өдрүүдэд тус бүс нутагт бороо үргэлжлэн орно.

2015 онд түймрийн аюултай улирал эхэлснээс хойш Алс Дорнодын нутаг дэвсгэрт 89 мянган га талбайг хамарсан 152 ойн түймрийн голомт бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд тус бүс нутагт 103.4 мянган га талбайг хамарсан 1088 ойн түймрийн голомт бүртгэгдэж байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг