sonin.mn
 
 
Монголын чөлөөт бөхийн холбооноос Ардын багш, олон улсын шилэгдмэл шүүгчийн “Алтан шүгэл” шагналт, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүүд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алдрын танхим”-д нэрийг нь мөнхөлсөн батламжийг мягмар гарагт албан ёсоор гардуулжээ.
Монголын чөлөөт бөхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын багш А.Басхүү нь Монголд төдийгүй дэлхийд танигдсан спортын зүтгэлтэн бөгөөд түүний хөдөлмөр, зүтгэлийг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн оны едсүгээр сард дэлхийн бөхийн нэгдлийн “Алдрын танхим”-д түүний нэрийг мөнхөлсөн нь үүний баталгаа юм. Харин А.Басхүү уг нэр хүндтэй шагналаа аваагүй байв. Саяхан АНУ-ын Лас Вегас хотноо болсон эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын АШТ-ий үеэр Монголын баг тамирчдад энэхүү хүндтэй батламжийг гардуулан өгчээ. ДБНХ-ны “Алдрын танхим”-д заларсан анхны монгол зүтгэлтэн болж байна.
 
А.Басхүү “30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Энэ хугацаанд би сайн, муу бүхий л зүйлтэй учирч явлаа. Зөвхөн миний төдийгүй Монголын чөлөөт бөхийнхний хувьд энэ бол том шагнал. Биднийг үнэлж буй хэрэг. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэндээ би баярлаж явдаг. Одоо ч үлдсэн амьдралаа чөлөөт бөхийн спортод зориулахад бэлэн” гэв.
 
Тэрбээр МЧБХ-ны ерөнхийлөгчөөс эхлээд бүхий л шатны ажлыг хийсэн бөгөөд  Монголын анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг