sonin.mn

Хэдхэн сүлжээ компьютер, ганц хиймэл дагуулаас бүрдэж байсан интернэт орчин гэрлийн хурдаар хөгжиж эдүгээ хэрэглэгчид онлайнаар дамжуулан бүх үйлчилгээг шуурхай авдаг боллоо.Гэвч зарим улс орнуудад онлайн орчинд үг хэлэх эрхийг хязгаарлах, хуулиар боомилох явдал гарч буйг "Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар их хурлаар онцолж байна.

26 орныг нэгтгэдэг тус эвсэл нь интернэт орчныг хүчирхэгжүүлэх, хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор нэгддэг. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар их хурлаар Интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын орчин" судалгааг танилцууллаа. Судалгааг Гадаад хэргийн яамны захиалгаар "Торгоны зам" сан хийжээ. Интернэт орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тусдаа эрх чөлөө биш бөгөөд хүний суурь эрх чөлөөг хэрэгжүүлэх нэг хэлбэр хэмээн судалгааны баг дүгнэж байна. Өнөөдөр Монгол улсын интернэт хэрэглэгч 2 сая руу дөхөж байна. Улаанбаатарт интернэт хэрэглэгчдийн 83.5 хувь нь байгаа бол аймгуудад 12.69 хувь, сумдад 3.8 хувьтай байгаа аж. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах цензурдэхийг зарим тохиолдолд Олон улсын хүний эрхийн хуульд зөвшөөрдөг. Гэвч Азийн дийлэнх улсад энэ үе шат ил тод биш байгаа төдийгүй төрийн зүгээс үндэсний аюулгүй байдал нэрийн дор онлайн орчныг хаах оролдлого гарч буйг шүүмжлэв. Мөн Монгол Улсад цахим гарын үсэг хэрэглэх орчин бүрдээгүй байгааг тодотголоо.

Сайд нарын тавдугаар их хурлын төлөөлөгчид ийнхүү ярьж байна.

“Цахим өртөө Холбоо” ТББ-ын гишүүн , хуульч Ц.Баттуяа:

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар манайд интернэт орчныг зохицуулсан тусгайлсан хууль байхгүй. Хувийн халдашгүй байдал, нууцлал болон өгөгдлийг хамгаалах талаарх ойлголт, мэдлэг дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хүн бүр аюулгүй, нээлттэй интернэтэд хандах тэгш эрх хангагдаж чадахгүй байна. Интернэтийн аюулгүй ажиллагааг дэмжсэн хамтын ажиллагаа алга. Тиймээс Монгол Улс интернэтийн зохицуулалт, онлайн эрх чөлөөний зарчмуудыг боловсруулах шаардлагатай. НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексийн тайланд 193 орноос манай улс 65-т жагсаж байна. Манайд кибер гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь хүүхдүүд юм.

Латви улсын ГХЯ-ны зөвлөх Викторс Макаровс:

Латви улсын хувьд интернэтийн бодлогодоо олон талын оролцоог хангахыг чухалчилдаг. Нийгмээрээ зөвшилцөлд хүрэхийн тулд интернэтээр хэлэлцүүлэг өрнүүлдэг. Ардчиллыг хөгжүүлэх нэг хэлбэр нь интернэт. Мөн төрийн үйлчилгээг онлайн хэлбэрт оруулснаар олон нийтэд хүрэх хүртээмж манай улсад сайжирсан. Банкны гүйлгээний 90-ээс дээш хувь нь онлайнаар хийж байна.

“Ай-Ти-Зон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга:

Мэдээлэл харилцааны орчин үеийн технологи, өдөр тутамд нэвтрэх программ хангамж, платформууд нь хүмүүсийн харилцааны шинэ ойлголтуудыг үүсгэхээс гадна хувь хүн, гэр бүл хамт олны харилцаанд хувьсал өөрчлөлтүүд авчирч байна. Онлайн харилцаа харьцангуй шинэ зүйл учраас тодорхой хугацааны дараа хэрэглэгчид соёлтой болж, өөрийн гэсэн зүй тогтолтой болно. Тиймээс заавал хууль гарган асуудлыг шийдвэл Үндсэн хуультай зөрчилдөнө. Хатуу чанга хууль гэхээсээ илүүтэй хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээнд нь үндэслэн зохицуулах нь чухал.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа:

Интернэт ус агаар шиг хэрэгтэй гэж ярих ч нөгөө талдаа үүнийг хэрхэн зөв зохион байгуулалтад оруулах вэ гэдэг асуудал үүсч байна. Улс үндэстэн бүр интернэтийн орчинд хойч үеэ ямар төлөвшилтэй болгох вэ гэдэгт анхаардаг. Хүүхдийн итнернэт хэрэглээний цаана үндэсний аюулгүй байдлын бодлого явах ёстой. Интернэтийн асуудлыг ярих нь жижиг улсуудын зовлон байдаг. Хүн ам цөөтэй манайх шиг улс үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах шаардлагатай.

Жиргээч Д.Амартүвшин:

Хувь хүний оюун санаа, чөлөөт байдал, халдаж болшгүй орон зай юм. Тэр орон зайд хүн амьдарч үзэл бодлоо илэрхийлж өөрийн дураар амьдардаг. Гагцхүү энэ эрх чөлөөг эдлэхдээ бусдын эрх чөлөөнд халдахгүй байх ёстой. Хувийн орон зайг хуулиар зохицуулах боломжгүй. Энэ нь эрх чөлөөг зохиомлоор бий болгон төр шийдвэрлэхтэй агаар нэг юм. Төрийн үүрэг бол хувийн орон зайд халдаж, эрх чөлөөг нь хохироосон иргэний эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээхэд оролцох нь чухал.

Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал:

Ардчилсан нийгэм гэдэг бол хүний эрхийг дээдэлж хүнээ хамгаалдаг. Дарга удирдлага, нам төрийг шүүмжлэх юм бол тэрс үзэлтэн болж, шоронд суудаг нутаг заагддаг цөллөгдсөн коммунист нийгэм биш. Нэр төр гутаахтай холбоотой хэргийг иргэн хоорондын маргаан гэж үзээд иргэний хуулиар шийдвэрлэдэг болох хэрэгтэй гэж үзэж байна.

Б.Заяа


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг