sonin.mn
“Хэдийгээр одоо нөхцөл байдал өөрөөр эргэж, зарим мэдээлэл нээлттэй болсон ч би нууцыг чандлан хадгалах тангараг өргөсөн хүн шүү дээ. Тиймээс тэр бүхэн өөрт минь л хадгалагдаж байг. Би энэ бүх нууцыг авсандаа ч аваад л орно” гэх нь яах аргагүй Дотоод яам, Тагнуулын байгууллагад олон жил ажилласан хүний үг дээ. Өдгөө 102 насыг зооглож буй ч залуу насандаа өргөсөн тангаргаа сахин биелүүлсээр суугаа энэ буурлыг Мижээгийн Гончиг гэдэг.
Тэрбээр бидний үеийн залууст үлгэр домог мэт санагдах үйл явдлыг үзэж туулсан талаараа кино шиг ярьдаг ахмадуудын нэг. Нас өндөр болсон ч сонор сонсголтой хэвээрээ байгаа нь бага залуудаа эрхэлж явсан ажил албатай нь холбоотой биз ээ.
 
Түүний түүхийг сонсохоор ёстой л адал явдалтай хүн юм даа гэж өөрийн эрхүй уулга алдмаар. Ардын хувьсгал ялахаас найман жилийн өмнө Ховд аймгийн Буянт сумын малчин ардын гэр бүлд мэндэлсэн М.Гончигийн нийслэлд ирсэн түүх нь ч энгийн биш.
 
1938 он юмсанж. М.Гончиг тэр үед Ховд аймгийн Төмөр утасны хорооны даргаар ажиллаж байжээ. Гэтэл Улаанбаатараас Төмөр утасны ерөнхий хорооны байцаагч Ишдорж шалгалтаар ирээд, түүнийг ажлаас нь халчих нь тэр. Тухайн үед тэрбээр “Би удахгүй баригдах байх” гэж эмээж байжээ. Учир нь, хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ажлаас халагдсан хүн 3-4 хоноод л баривчлагддаг байсан аж. Ямар сайндаа л ахдаа “Намайг сураггүй болбол баригдаад явжээ гэж бодоорой” гэж захих вэ дээ. 
 
Гэтэл залуу хүний сийрэг ухаанд “Нутгаасаа баригдаад яах вэ. Хүн танихгүй газар очиж баригдвал эцэг, эх, ах дүүсийн минь нэр цэвэр үлдэнэ” гэсэн бодол харван орж иржээ. Ингээд тэрбээр шуудангийн машинд суугаад нийслэлийг зорьсон байна. Арваад хоногийг замд өнгөрөөсөн ч түүнийг хэн ч баривчлахаар ирсэнгүй. Тэрбээр тухайн үед яагаад өөрийг нь баривчлаагүйг өнөө хэр нь ойлгодоггүй тухайгаа ч нуусангүй. Нэгэнт аюул холуур өнгөрсөн учир багадаа нутгийн номтой хүнээр заалгасан эрдмээ ашиглаж Төмөр утасны хороонд цахилгаан мэдээний бичээчээр оржээ.
 
Харин эх орны дайны үед Засгийн газрын онцгой даалгавраар Дундговь, Булган, Ховд аймагт улаан армид бэлэглэх агт бэлтгэх ажилд хүчин зүтгэж явснаараа тэрбээр ихэд бахархдаг аж. Агт бүрийг нарийн данслан бүртгэж, малинд тэнцсэн адууг тусгайлан сүрэглэж маллах гээд дээлээ тайлж, дэрээ дэрлэх завгүй хөдөлмөрлөж байсан ч энэ нь идэр залуу түүний баяр бахдал байжээ. 
 
Есөн жилийн дараа буюу 1943 оны хавар Дотоод яаманд ажиллаж байхад нь удирдлага нь дуудаж онцгой даалгавар өгснөөр түүний амьдралын дараагийн адал явдал эхэлжээ. Тэгэхэд тэрбээр “Та Оросуудтай эх орны зүүн хил нэвтрэх боллоо. Хэнд ч хэлж болохгүй. Гэрийнхэндээ “Албан ажлаар удаан хугацаагаар хөдөө явах боллоо” гэж хэлээрэй. Одооноос та Монголын харъяат биш боллоо гэсэн үг. Өөрийгөө Зөвлөлтийн Буриад гэж бодох хэрэгтэй” гэсэн даалгавар авчээ. 
 
Ингээд холбооны хэрэгслээр тоноглосон машинаар хоёр Оростой хамт шинэ албанд морджээ. Өдрийн турш машинаас гаргахгүй, Орос үсэг хараад морзоор мэдээ дамжуулах ганцхан үүрэгтэй. Элдвийг асуух нь цээртэй, хаана явааг ч баримжаалах аргагүй нөхцөлд тэрбээр хоёр сар хэртэй болсон байна.
 
Дайны дараа тэрбээр Мөрдөн байцаах хэлтэст Самбууням даргын удирдлагад ажиллаж байгаад 1947 онд Улсын бага хурлын дарга Г.Бумцэндийн комиссараар 1947 онд томилогджээ. Тэрбээр хэсгийн ахлагч байсан болохоор бусдыг бодвол өндөр хариуцлага хүлээдэг байсан гэнэ. Тодруулбал даргадаа хоол, цайг нь өгөхөөс өмнө өөрийн биеэр туршиж, 10-15 минут биеэ чагнан харж суугаад хор нөлөө гарахгүй бол даргадаа өгдөг байсан аж. 
М.Гончиг энд найман жил ажиллаад хуучин ажилдаа эргэж оржээ. Улмаар НАХЯ-ны Хөвсгөлийн хэлтэст ажиллаж байгаад Их тэнгэрийн аманд гадаадын зочид төлөөлөгчдийг байрлуулах буудал байгуулж, ажиллуулах үед даргаар томилогджээ. Тэнд тэрбээр гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн байрлах байр, хоол ундыг нь бэлтгэж өгөх ажлыг зохион байгуулж байлаа. 
 
Хожим 1956 оноос монгол бичиг сайн мэддэг гэж тагнуулын байгууллагын архивт ажиллуулах болсон. Тэнд баримт материалыг цуглуулах, цэгцлэх, цагаатгалын комисст шилжүүлэх, буцааж авах зэрэг ажлыг хийх хугацаандаа буюу 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль дүүргэсэн байна. Эндээ 14 жил ажиллаад чөлөөндөө гарчээ. 
Насан өндөр, ийш тийшээ явахдаа заавал нэг хүн дагуулах хэрэгтэй болсон учир үг нэмэрлэхээс үйлдэл нэмэрлэж чадахгүйдээ сэтгэл гонсгор байдаг нь түүний ярианаас илт байлаа. Гэхдээ хэзээд “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн ёслоход бэлэн ийм л буурлууд маань амьд сэрүүн харагдаж байгаа нь л ард түмэндээ барьж байгаа хамгийн том бэлэг шүү дээ.
 
Эх сурвалж: