sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Францын “Эйр Ликуид” компанийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Диетер Грабенбауэр, “Эйр Ликуид Ази”-ийн дэд ерөнхийлөгч Жин Фрейсз нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
 
Францын “Эйр Ликуид” компани нь байгалийн хий, технологи, аж үйлдвэрийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд тус компани нь Монголд 3-4 жилийн турш хайгуул хийсний дүнд өөрийн Герман дахь салбар болох “Луржи” компани / “Эйр Ликуид”-ийн 100 хувь мэдлийн / хамт “Шингэн нүүрс болон нүүрснээс синтетик шатдаг хий” гаргаж авах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
 
Уулзалтын үеэр энэ төслийн талаар санал солилцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зургадугаар сарын 11-12-нд Францад хийх айлчлалын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн талаар санал солилцсон юм.
 
Францын Элчин сайд Ив Дэлунэ уулзалтын үеэр Францын “Эйр Ликуид” компани Монголд хөдөө аж ахуй, өндөр технологи, үйлдвэрлэлийн бусад салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдгийг илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр энэ талаар Монгол Улсын Засгийн газартай баримт бичигт гарын үсэг зурж болох талаар Францын тал байр сууриа илэрхийллээ.