sonin.mn
Энэ сарын 13- ны өдөр  Бээжин хотноо  болсон “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалт-2015”   ажил хэргийн уулзалтанд   Хятадын  талаас 26 ААН, Монголын  талаас 27 ААН-ийн төлөөлөл оролцсон хотын хөгжлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжих төлөвлөгөө төсөлүүдийн талаар мэдээлэл солилцон,  хамтран ажиллах  боломж нөхцлийн талаар санал бодлоо  хуваалцлаа.
 
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга  Д.Батболд Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, орон сууцны нөхцлийг сайжруулахад ажлыг хоёр жилийн өмнөөс эрчимжүүлж эхэлсэн.  Улаанбаатарт  одоогоор 1500 гаруй га газарт 36 ААН дахин төлөвлөлтийн асуудлаар ажиллаж байна.  Энэхүү  төслийг хэрэгжүүлэхэд оролцох ААН-үүдэд нийслэл хотын удирдлагын зүгээс эрхзүйн болон техник, санхүүгийн  дэмжлэг үзүүлэх боломжтой  хэмээн мэдэгдсэн юм. 
 
 
 Уулзалтын үеэр Монголын  GD корпораци,  Хятадын  Хэ бэй мужийн JIDD ХХК,   Си Ань хотын "China north west architecture design and research institute"-ын  хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, барилга бүтээн байгуулалтын чиглэлээс гадна барилгын  төхөөрөмж технологийн  экспорт, импортын чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ.  
 
 
 Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын барилгын салбарын  Бармон, Стандарт Пропертийз, Магма Од, Монтэд,  Назу групп, Цагаан хуаран,  Очирням, Электро монсэт,  Green resource, Premier Investment,  Баганат Өргөө,  TOB,  Асар Өргөө, Гангар Инвэст,  Баярс, Гадаад даян, Хас Харш, Бэрэн  зэрэг ААН-үүдээс гадна  Монгол, Хятадын худалдааны MOGUL  нийгэмлэг  оролцлоо. 
  Энэ оны 2 ,4 дүгээр сард  Бээжин хотноо Мах боловсруулагч аж ахуйн нэгжүүдийн  ажил хэрэгч уулзалт, Барилгын салбарын ажил хэрэгч уулзалт болж хоёр  талын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид  өргөнөөр оролцож   зарим  аж ахуйн нэгжүүдийн  хамтын ажиллагааны үндэс бүрджээ.
 
Бээжин хот Д.Энхчимэг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг