sonin.mn
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа талаар МоАХ-ны анхдагчид болон "Зориг 90" хөдөлгөөнөөс өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.
Тэд өнгөрөгч оны 6 дугаар сарын 6-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж, Монгол Улсын иргэн бүрт 1 га газар үнэгүй өмчлүүлэх, Авлига өгснийг биш авсаныг гэсгээдэг хуультай болох шийдвэр гаргахыг хүссэн.  Тус хурлаар Монгол Улсын иргэн бүрт 1 га газар өмчлүүлэх тухай бидний шаардлагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны эдийн засгийн форум дээр дэмжиж зөвхөн Монгол Улсын иргэндээ 1 га газар өмчлүүлэх ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-даа ажлаа тайлагнахдаа бидний тавьсан шаардлага болох Авлигатай тэмцэх хуульнаас “өгснийг” гэдэг үгийг эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах замаар өөрчлөх нь зүйтэй гэж дэмжсэн гэдгийг МоАХ-ны анхдагчид болон "Зориг 90" хөдөлгөөнийхөн онцолж байв.
 
Тэд энэ хаврын чуулганы үеэр уг хоёр асуудлаар тодохой шийдэлд хүрч хуульд зохих өөрчлөлт хийхийг шаардав. Уг шаардлагын хүрээнд хамтран ажиллаж, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлэхэд бид бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн нийгмийн шаардлагыг биелүүлэх нь та бүхний үүрэг гэдгийг дахин анхааруулж байна хэмээв.
 
Д.Өлзий 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг