sonin.mn
Нүүрсний Тавантолгойн, зэсийн ОюуТолгойн орд бол аль аль нь асар их нөөцтэй  дэлхийн хэмжээний төсөл, Монгол улсын Ашигт Малтмалын тухай хуулиар стратегийн ордод тооцогддог. Гэтэл уг хоёр ордын хөгжүүлэлтийн гэрээг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Их Хурлын Дарга, АН-ын дарга З.Энхболд эрс зөрүүтэй байр суурьтай байгаа нь сонирхолтой юм.
 
Тэрээр  2015 оны 2-р сард Оюутолгойн гэрээний талаар:  “Оюутолгой”-н  гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлага байхгүй. УИХ шийдвэрүүдээ гаргасан. “Оюутолгой”-н гэрээг өөрчиллөө гэхэд Засгийн газар бие даан хийх боломжтой. Засгийн газарт энэ эрхийг нь 2009 онд өгсөн. Ямар хэмжээнд ажиллах вэ гэдэг хязгаарыг нь хүртэл хэлээд өгчихсөн. Тиймээс Засгийн газар “Рио Тинто” хоёр чөлөөтэй хэл амаа ололцож болно.
“Оюутолгой”-н хувьд бүгд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт хэтэрсэн, монгол ажилтан бага цалин авдаг зэрэг хууль биелэхгүй хэд, хэдэн зүйл байгаа. Эдгээрийг засаад явахад “Оюутолгой”-н үйл ажиллагаанд торох зүйл байхгүй. “ гэсэн билээ.
Харин 2015 оны 4 сарын 6-нд Тавантолгойн ордын тухай: “Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
 
Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье.” хэмээсэн юм.
 
Э.Мягмардорж