sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Цагдаа нарын гарт хар арьст залуус амиа алдсаны улмаас АНУ-ын хотуудад эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор цэргийн техник хэрэгсэл болон байлдааны загварын тоног төхөөрөмжийг цагдаа нар ашиглахыг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама хориглолоо.
Обама даваа гарагт улсынхаа Нью-Жерси муж улсад үг хэлэх үеэрээ энэ тухай танилцуулсан байна.
 
Тэрбээр хэлэхдээ, “Цэргийн зэвсэг хэрэгсэл нь цагдаагийн албан хаагчид бол хүмүүсийг хамгаалж, иргэдэд үйлчлэхээс илүүтэйгээр түрэмгийлэгч хүчин гэсэн ойлголтыг заримдаа төрүүлж болохыг америкчууд харлаа” гэжээ.
 
Обамагийн хоригийн дагуу АНУ-ын арми хуягт тээврийн хэрэгсэл, зэвсэглэсэн нисэх онгоц, том калибрын буу болон сумыг цагдаа нарт өгөхгүй аж.
 
Өнгөрсөн оны наймдугаар сард Миссури муж улсын Фергюсон хотод, өнгөрсөн сард Мэриланд муж улсын Балтимор хотод хар арьст америкчууд цагдаа нарын гарт амиа алдсантай холбоотойгоор үүссэн эмх замбараагүй байдлыг дарж, эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаа нар хуягт тээврийн хэрэгслүүд байрлуулсан юм.
 
Цагдаа нар болон иргэдийн хооронд итгэлцлийг бий болгохын тулд Обамагийн засаг захиргаа цагдаагийн хүчний шинэчлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
 
Г.Доржханд
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг