sonin.mn
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишигтэй ярилцлаа.
 
 
 
-Өнөөдрийн байдлаар Туркт хэчнээн монгол хүн амьдарч, ажиллаж байна вэ гэдгээр яриагаа эхэлье?
 
-Одоо Туркт 3000 орчим монгол иргэн ажил­лаж, амьдарч, сурч бай­гаагаас олонх нь Станбул хотод, Анкарад 200 орчим оюутан сурч байна. Эдгээр 3000 ир­гэнээс 800 нь их, дээд сур­гуулийн оюутан бай­гаагийн 50 хувь нь Тур­кийн Засгийн газрын тэт­гэл­гээр суралцаж байгаа.
 
-Зуучлалаар болон сайн дураар ажиллахаар хоёр хүн бидэнтэй хамт ирсэн. Энд ирсэн хүмүүс Элчин сайдын яамандаа бүртгүүлдэг үү?
 
-Бид цахим хуудас, фэсбүүкээр иргэний бүртгэлдээ бүртгүүл гэж хүсч, шаардаж байгаа. Бүртгэлтэй байхад Монголд иргэний нийгмийн халамжийн бүх тэтгэмж, тэтгэврээ авах боломжтой. Харамсалтай нь бүртгүүлж байгаа хүн цөөн байна. Одоогийн байдлаар 700 гаруй иргэн бүртгүүлсэн. Энэ тоо ахихгүй байна. Иргэд ихэвчлэн хууль бусаар  ажиллаж байгаа болохоор Элчин сайдын яаман дээр бүртгүүлчихвэл баригдчихна гэж боддог юм шиг байна. Уг нь тийм зүйл болохгүй. Эндээ ажиллаж, амьдарч болж байвал тэднийг буцаахгүй шүү дээ. Харин ч бид хаана ажиллаж, амьдарч байгааг нь мэдэж авбал дараа нь манай иргэдийн эрх ашиг зөрчигдвөл хамгаалах боломжтой. Станбул хотод Ерөнхий консулын газар байгуулагдсанаар иргэдээ бүртгэж, харьцах ажил эрс сайжирч байгаа. Өмнө нь консулын газар байгаагүй Анкара хотоос хамаардаг байхад хэцүү байсан. Одоо байдал харьцангуй сайжирч байна.
 
-Манай иргэд зуучлалаар олноороо ирж ажиллаж байна. Ингэж ажиллах нь хэр боломжтой байдаг вэ?
 
-Иргэддээ зөвлөхөд үүнийг сайн лавлаж байж ирэх хэрэгтэй. 2007 оноос эхлээд Монголын иргэд визгүй зорчиж эхэлсэн. Энэ үед ирсэн хүмүүсийн зарим нь суурьшаад 6-8 жил болсон учраас байр сууриа олчихсон ямар ажлыг хаанаас яаж олдог гэдгийг мэддэг болчихсон учраас ах, дүү, найз нөхдөө татаад байна. Албан ёсны зуучлалын компаниуд байдгийг би мэдэхгүй. Хүмүүсээс мөнгө аваад Туркт ажиллуулаад өгье гэж байгаа хүмүүс баталгаагүй гэдгийг хэлэх байна.
 
-Туркт ажиллаж, амьдрахад өртөг өндөр үү?
 
-Энд сурч байгаа оюутнууд, манай ажиллагсдаас асуухад боломжтой гэж байсан. Манай оюутнууд дотуур байранд амьдрахгүй ихэвчлэн 4-5-уулаа нийлээд байр түрээслэн амьдарч байна. Нэг хүнээс сард дунджаар 150 лира буюу 50-60 ам.доллар гаргаад дундаа нэг гал тогоотой, ээлжилж хоолоо хийгээд амьдарч байгаа. Хууль бусаар байгаа ажилчид ч гэсэн ингэж амьдарч байна. Гэр бүлтэй нь 2-3 жижиг өрөө түрээслээд амьдардаг. Байрны өртөг харьцангуй боломжийн. Би саяхан нэг монгол гэр бүлтэй уулзахад нэг хүүхэдтэй залуу гэр бүл байсан. Тэд цалингийнхаа 60 орчим хувийг байрандаа өгөөд үлдсэн 40 хувийг нь хоол хүнсэндээ зарцуулдаг гэсэн. Хүн бүр адилгүй, авч байгаа цалингаасаа хамаарна.
 
-Иргэд консулаас ямар тусламж, дэмжлэг хүсч ирдэг вэ?
 
-Паспорт, бичиг баримтаа сунгуулахаас эхлээд итгэмжлэх авахаар байнга ирдэг. Манай иргэд хэрэгтэй үедээ л хандаж байна. Сүүлийн үед хамтарч биеийн тамир спортын наадам, шинэ жил, цагаан сараа тэмдэглэдэг болсон. Станбулд олон баяр тэмдэглэдэг бол Анкарад Элчин сайдын яаманд бүх оюутан боломжоороо ирдэг. Хэд хоногийн өмнө Туркт ажиллаж, сурч байгаа оюутнуудын дунд ширээний теннис, сагс, хөлбөмбөг, үндэсний бөх, бильяард гэсэн төрлөөр спортын наадам зохион байгуулсан. Элчин сайдын яамнаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж урамшууллаа. Бие биетэйгээ харилцаж ажиллах нь сүүлийн үед сайжирч байна.
 
-Энд сурч байгаа оюутнууд ажил хийх боломж хэр байдаг вэ?
 
-Оюутнууд ажил хийх боломж муу. Яагаад гэвэл Туркт хичээл сургуульдаа их анхаардаг. Дээрээс нь оюутны байрны хоол нь хямдхан байдаг учраас тэндээ хоолоо идчихдэг.
 
-Цаашид Туркт суралцах оюутны тоог нэмэх боломжтой юу. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
 
-Одоо жилд 50-60 оюутан элсүүлж байна. Эрдоан Ерөнхий сайд 2013 онд Монголд айлчлахдаа энэ тоог жилд 100 болгоно гэсэн. Бид эндхийн сургалтын байгууллагуудтай очиж уулзахдаа танай Ерөнхий сайд бидэнд ингэж хэлсэн. Үүнийг одоо хэрэгжүүлье, цаг алдаж байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ жил бага зэрэг нэмэгдэх болов уу. Хоёрдугаарт, манай Боловсролын яам оюутан элсүүлэхэд оролцох хэрэгтэй байна. Туркийн боловсролынхон өөрсдөө очиж сонгож авдаг. Манайд хэрэгтэй мэргэжлээр оюутан элсүүлэхэд яам оролцох саналаа тавиад байгаа. Туркийн тал өөрсдөө зардал мөнгөө гаргаж байгаа учраас одоохондоо сонголт хийж байна. Оюутны тоо яваандаа 100 хүрэх байх. Яагаад гэвэл Ерөнхий сайд нь амласан. Манай Элчин сайдын яам нэлээд нэхэл хатуутай ажиллаж байгаа.                        
 
-Туркт ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг хэрхэн анхаардаг вэ. Иргэд эмнэлгийн тусламжийг яаж авч байна?
 
-Албан ёсоор ажиллаж, сурч байгаа хүмүүс эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Харин хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд энэ нь их хэцүү. Тиймээс Ерөнхий консулын газраас Станбулын улсын болон хувийн эмнэлэгт ажиллаж байгаа 20 гаруй монгол эмчтэй холбоо бариад өвдсөн хүмүүсээ үзүүлж байя гэсэн ажлыг эхлүүлсэн. Иргэд маань эмч нарынхаа хаяг, утсыг нь мэднэ. Цаашид бид Хөдөлмөрийн болон Эрүүл мэндийн яамтай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийнэ. Энд ажиллаж байгаа иргэд тэтгэвэрт гарахаар нийгмийн даатгал төлөөгүй болно. Үүнийг юуны өмнө шийднэ. Дараагийн ээлжинд эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг ярья гэж бодож байгаа. Ихэнх нь хууль бусаар ажиллаж байгаа болохоор үүнийг шууд ярина гэхээр Туркийн талд хэцүү байх шиг байна. Гэхдээ энэ асуудлыг бид шийднэ гэж бодож байна.
 
-Монголоос шүүгч, прокуроруудыг энд сургаж байгаа гэсэн. Хоёр орны хууль эрх зүйн хувьд хэр уялдаатай ажилладаг юм бол?
 
-Турк, Монголын хооронд хууль сахиулах байгууллагуудын харилцаа сайн хөгжиж байна. Өнгөрсөн жил Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, төлөөлөгчид хоёр ч удаа айлчиллаа. Яаж хууль боловсруулж хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг өөрсдийн биеэр ирж үзсэн. Манай прокурорууд энд сургалтад хамрагдаж байна. 2013, 2014 онд 76 прокурор 20, 20-оороо ирж сургалтад хамрагдлаа. Энэ жилээс жилд 20 шүүг­чийг Туркийн тал авч сургах гэж байна. Туркийн цагдаагийн газар манай цагдаагийн газрын хоорондын хамтын ажиллагаа их сайн. Өнгөрсөн жил Туркийн цаг­даагийн газраас манай цагдаагийн газарт цаг­даагийн хувцасны даавуу, бусад хэрэглэлээр тус­ламж үзүүлсэн. Туркийн хууль эрх зүйн систем бас шинэчлэгдэж байна. Яагаад гэвэл Турк улс Европын холбоонд эл­сэх хэлэлцээр 2005 онд эхэлсэн. Тиймээс өөрийнхөө хууль эрх зүйн системийг Европын стандартын дагуу шинэ­чилж байгаа учир манай улс энд ирээд судалж байна гэдэг үндсэндээ Европын стандартаас су­далж байна гэсэн үг. Саяхан Стандартчилал хэмжилзүйн орлогч дарга Д.Сүхбаатар, өнгөрсөн жил Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр айлчилсан. Манай хоёр улсын хоорондох стандартын байгууллага гурван жилийн төсөл хэрэгжүүлж байгаа. Европын стандартыг Монголд яаж нэвтрүүлэх вэ. Яагаад Туркээр дамжиж байна гэвэл Турк Европын стандартыг хэрэгжүүлээд амжилттай явж байна. Тэгэхээр энэ оронд туршлагыг нь судлаад манайх Европын стандартыг Туркээр дамжуулж хэрэгжүүлэх төсөлд хоёр жил үлдсэн. Үүнийг амжилттай хэрэгжүүлбэл бүх салбарт стандартыг нэвтрүүлэх боломж гарч байна гэж бодож байгаа.
 
-Хоёр улсын харилцааны талаар товч танилцуулахгүй юу. Яг аль салбар нь илүү хөгжсөн юм бэ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монголын талаас юуг анхаармаар байна?
 
-Манай хоёр улсын хоорондын улс төр, эдийн засаг, соёл, батлан хамгаалах гээд бүх салбарын харилцаа холбоо хурдан хөгжиж байна. Улс төрийн харилцааны хүрээнд товчхон хэлэхэд сүүлийн хоёр жилд дөрвөн том айлчлал боллоо. Туркийн Ерөнхий сайд, Их хурлын дарга Монголд, Монгол Улсын Их хурлын дарга Туркт, Туркийн гадаад хэргийн сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчиллаа. Улс төрийн харилцааны айлчлалын давтамж ойртсон. Эдийн засгийн харилцааны хувьд харилцаа хөгжих эхлэл нь сайн байна. Бид Турктэй нэгдүгээрт, хотыг дахин төлөвлөх, орон сууц барих, хоёрдугаарт, арьс шир боловсруулах салбарт Туркийн технологи, хөрөнгө оруулалтыг оруулах. Гуравдугаарт, сэргээх эрчим хүчний салбарт Туркийн техно­логийг оруулах, дөрөв­дүгээрт, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Туркийн хоёр компанийн нэг нь Чойрт салхин цахилгаан станц барьж эхэлсэн. Нөгөө нь Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр усан цахилгаан станц барих зураг төслөө хийчихээд хөрөнгө мөнгөө хайж байна. Аялал жуулчлал хөгжих ирээдүй бий. 2013 онд Туркээс Монголд 650 иргэн зорчиж байсан бол өнгөрсөн жил 5000 иргэн зорчсон гэж Монголд суугаа Туркийн Элчин сайд саяхан хэлсэн байна лээ. Энэ нь 2014 оны дөрөвдүгээр сараас эхлээд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь аялал жуулчлал хөгжихөд таатай нөлөө үзүүлж байна. Турк иргэд Монголд очих дуртай, сонирхолтой байдаг.
 
-Яагаад ?
 
-Яагаад гэвэл эрт дээр үед Монгол Туркийн иргэд Монголын нутаг дэвсгэр дээр хаяа зэрэгцэн оршин сууж байсан. Үүний дурсгал болох Билгээ хаан, Гүлтэгэн жанжин, Таникүк мэргэний хөшөө бий. Тэнд очиж өөрийнхөө өвөг дээдэст хүндэтгэл үзүүлэх их сонирхолтой байдаг учраас Туркийн иргэд болж өгвөл Монголд очих юмсан гэж ярьдаг. Тэр тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлэх сайхан боломж байна гэж бид харж байгаа. Станбул, Улаанбаатарын хооронд 2012 оноос хойш долоо хоногт гурван удаа онгоц нисч байна. Одоо Хархорины нисэх онгоцны буудлыг шинэчилчихвэл Туркийн иргэд Станбулаас Улаанбаатарт очоод Улаанбаатараас Хархорин руу жижиг онгоцоор нисч хөшөө дурсгалаа үзээд буцаж ирэхэд цаг их бага гарах боломжтой. Сая Туркийн гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Хархорины нисэх буудлыг хамтран шинэчлэе гэдэг асуудлыг тавьсан. Туркийн Засгийн газар үүнийг анхаарч үзэх байх гэж бодож байна.
 
-Хоёр улсын хооронд хийж байгаа том төсөл юу байна. Ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
 
-Улаанбаатар хотод 5000 айлын орон сууцыг Туркийн хөнгөлөлттэй зээлээр барих асуудлыг манай Элчин сайдын яам хөөцөлдөж байсан ч манай талаас хамаараад энэ төсөл түр зогссон. Тиймээс бид өөр бусад төслийг түлхүү хөгжүүлье гэж бодож байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд манай Элчин сайд бололцооны хэрээр дэмжлэг үзүүлж байна. Цаашид Хархорины нисэх онгоцны буудлыг шинэчлэх томоохон төслийг барьж авч хөөцөлдье гэж бодож байгаа. Мөн малын эрүүл мэндийн салбарт Туркээс буцалтгүй тусламж авах асуудлыг тавина гэж бодож байгаа. Үүнийг Засгийн газрын хурлаар оруулж шийдсэний дараа энэ асуудлыг тавина. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр Туркээс Монголын мах авах сонирхол байвч малын эрүүл мэндийн баталгаанаас болоод хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс Турк улсаас буцалтгүй тусламж үзүүлээд тодорхой аймгуудын малыг эрүүлжүүлвэл мах тээвэрлэх боломж байна. Турк эйрлайн олон карго тээврийн онгоцтой. Монголоос мах ачаад ирлээ гэхэд эндээс бид оронд нь жимс, жимсгэнэ болон бусад бараа бүтээгдэхүүн аваад харилцан зөөвөрлөх тээврийн боломж их байна.
 
-Турк улс сүүлийн 20 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Тэр тусмаа гэр хорооллоо 5-6 жилийн дотор орон сууцжуулсан гэсэн. Манайх эндээс туршлага авч болмоор санагдах юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Туркээс авах нэг­дүгээр туршлага бол Анкара хотыг да­хин тө­лөвлөж орон сууц­жуул­сан явдал. Үүнийг манай Улаанбаатарынхан сайн судлаасай гэж хүс­дэг. Өнгөрсөн жил нийс­лэлийн хоёр ч орлогч дарга ирж дахин төлөвлөлтийг харсан. Мөн УИХ-ын дарга Анкарад байхдаа дахин төлөвлөлт хийж байгаа газруудаар явж үзсэн. Анкара хотын дарга Монголд өнгөрсөн жил айлчилсан. Улаанбаатар, Анкара хот хоёр уг нь харилцаа сайтай. Одоо Туркийн компаниуд Улаанбаатарт очоод яаж дахин төлөвлөлт хийдэг, хэрхэн цэцэрлэгжүүлж, ойжуулж орчныг тохижуулдаг төлөвлөлтийг хийж өгье гэж бидэнтэй ирж уулзсан. Энэ хүсэлтийг хотын захиргаанд явуулна. Эндээс сурах зүйл их байна. Хаана ч байшин барьсан ус, зам, цахилгаан гээд бүгдийг нь хүргэж чадаж байна. Туркээс авах бас нэг зүйл бол ойжуулж моджуулах, цэцэрлэгжүүлэх юм. Том барилга барилаа гэхэд ойг устгахгүй зөөж аваад өөр газар тарьдаг. Энэ тарьж байгааг нь Улаанбаатар хотын ойжуулалтыг хариуцсан орлогч дарга 2013 онд ирэхдээ харсан. Туркийн нөхдүүд ч сайн тайлбарлаж өгсөн. Манайд мод тарих, арчлах технологи их чухал. Энэ моджуулах ажлыг бид судлах хэрэгтэй, олон туршлага байна.
 
Р.ОЮУН
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин