sonin.mn
УИХ-ын байнгын хорооны дарга нараас сүүлийн үед хамгийн идэвхтэй ажиллаж байгаа нь Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү гэж тодорхойлж болно. Төрийн ордны хонгилоор торжигнотол гүйх шахам яарч явдаг О.Баасанхүү дарга долоо хоног бүр мэдээлэл хийж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо яаж ажиллах ёстойг нотлон харуулахаар шамдаж яваа. Өнөөдрөөс эхлээд О.Баасанхүү даргын ажил бүр ч ундарч байгаа нь тодорхой. Учир нь Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улсад Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдсэн хэлэлцээрт оролцсоноороо өөр дээрээ гал дуудчихаад байгаа. УИХ-ын 19 гишүүн гарын үсгээ зурвал Ерөнхий сайдын асуудлыг авч хэлэлцэх боломжтой болно. Мэдээж энэ асуудал О.Баасанхүү даргын хажуугаар өнгөрөхгүй нь ойлгомжтой. Яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа шүүх засаглалын салбарын тухай хуулийн төслүүд дээр тэр тун идэвхитэй ажиллаж, хамгийн олон санал шүүмжлэл хэлж байгаа. Ингээд дээрх асуудлуудаар санал бодлыг нь сонсохоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй уулзаж ярилцлаа.
 
-Ярилцлагаа Монголын улстөрд хамгийн сүүлд үүсээд байгаа халуун сэдвээр эхэлье. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Л.Цог нар Ерөнхий сайдыг огц­­руулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ зар­­ласан. Та тэдэнтэй нэгдэх үү? 
 
-Ер нь бол наад асуудлыг чинь анхлан гаргаж тавьсан хүн нь би байгаа юм. Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн байна лээ. Би мэдээж тэдэнтэй нэгдэлгүй яах вэ дээ. Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихын тулд 19 гишүүн гарын үсгээ зурсан байх шаардлагатай. Гэхдээ миний тооцоолж байгаагаар Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, Монголын эрх ашгийг хөндсөн асуудлыг хилийн цаана, гурав дахь оронд очиж гарын үсэг зурж шийдэхэд байлцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг 30 гаруй гишүүн дэмжих нь тодорхой. 
 
Энэ нөхрийг аль болох хурдан огцруулвал Монгол Улс төдий чинээ бага хохирол амсана. Нэг л жишээ хэлэхэд Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 58.3 хувьтай тэнцэж байсан бол сая Ч.Сайханбилэг байлцан гарын үсэг зурсан тохиролцоогоор энэ өр эрс нэмэгдээд явчихна. Түүнээс гадна эд нар шинэ хууль хүчээр оруулж ирээд батласан. Түүгээр Засгийн газрын баталгаа гаргасан аливаа өрийг Монгол Улсын нийт өрд хамруулахгүй байхаар болсон. Түүнийг батлангуутаа Худалдаа хөгжлийн банкинд 500 сая ам. долларын бонд гаргахыг зөвшөөрч, Засгийн газар баталгаа гаргачихсан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк дампуурвал хариуцлагыг нь хэн хүлээх юм. Ер нь эд нар яг ийм аргаар “Сэргээн босголт”, “Анод” гээд банкуудыг дампууруулаад залгичихсан асар их булхай, луйврын аргатай этгээдүүд шүү дээ. 
 
-Ерөнхий сайдыг огц­­руулах асуудалд АН хоёр хуваагдчихаад байгаа дуулдана. УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдыг огцруулахыг битүүхэн дэмжиж байгаа мэдээлэл өчигдөр үдээс хойш ордны хонгилоор нисэлдэж байна лээ. Таны бодлоор УИХ-ын дарга энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
 
-За ёстой мэдэхгүй. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш З.Энхболд даргатай цөөхөн удаа л мэнд мэдэж үзсэн хүн шүү дээ. Ер нь бид хоёрт ямарваа харилцаа байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр тэр хүний тухай асуудлыг би сонирхдоггүй. Янз нь АН доторх хагарал, тэмцэл сүүлийн үед ширүүхэн л байгаа юм шиг байна лээ. Удахгүй 2016 оны сонгуулийн уур амьсгаа ширүүхэн орно. Янз бүрийн юм болох байлгүй дээ. 
 
-Тахарын алба байхгүй болох нь. Түүний хажуугаар өмгөөлөгч нарын асуудал бас л босч ирэх бололтой. Энэ талаар та юу бодож явна?
 
-Өмгөөлөгч нарын та­­лаар МАН-ын бүл­гийн Ө.Энхтүвшин гишүүнд гомдол ирсэн байсан. Ер нь өмгөөлөг­чид үйлчлүүлэгчиддээ олигтой үйлчилж чаддаггүй, хууль эрхзүйн мэдлэг тааруу байгаа, хэтэрхий мөнгөний сонирхолтой болсон гээд олон гомдол ирж байгаа. Энэ асуудлыг багцлаад нарийвчлан судлах болно. 
 
-Нөгөө төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халдаг тухай өргөдөл, гомдлын асуудал юу болсон бэ?
 
-Энэ асуудлаар Өргөд­­лийн байнгын хороо УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Яа­­гаад гэвэл 500 орчим хүн Өргөдлийн байнгын хороонд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай өргөдөл, гомдол ирүүлсэн юм. Энэ тоо хойшид ч нэмэг­­дэх хандлагатай байгаа. Намын харьяаллаар үндэслэл­­гүйгээр ажлаас халсан тухай гомдол Эрдэнэт, Дарханаас ирсээр байна. Ер нь энэ Засгийн газрын үед намын харьяаллаар, үндэслэлгүйгээр ажлаас халдаг байдал ихэнх яамдад хавтгайрсан. Сүүлийн үед Тендерийн хуулийг тун ноцтойгоор зөрчиж байгаа талаар олон гомдол ирж байна. Засгийн газрын тогтоолыг УИХ юмуу, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгодог. Одоо Засгийн газрын тогтоолыг дур мэдэн гаргуулаад л тодорхой компанийг тендерт ялуулдаг хачирхалтай үзэгдэл багагүй гардаг болж. 
 
Бид энэ асуудлыг нэлээн нарийн шалгаж эхлээд байгаа. Ер нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж байгаа талаар тун удахгүй дөрвөн төрлийн шийдвэр гаргана. Нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байвал хууль хэрэгжүүлэхийг шаардаж албан бичиг явуулна. Хоёр­дугаарт санаатайгаар Монгол Улсын хуулийг зөрчин тодорхой албан тушаалтнууд хариуцлага алдсан байвал тухайн албан тушаалтныг өөрчлөх шаардлага тавина. Ялангуяа агентлагийн дарга нар дээр ийм зөрчил багагүй илэрсэн. Дээрээс нь сайд нар улстөрийн бодлого хэрэгжүүлж байгаа нэрээр бусдыг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг ч зөрчиж байгаа асуудал юм. УИХ-ын гишүүн бид ч гэсэн “Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн ажиллана” гэж тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Тэгэхээр хууль зөрчсөн сайд нар МАН-ынх ч байна уу, АН-ынх ч байна уу тэр албан тушаал дээр тогтохгүй л гэсэн үг. Бид хууль зөрчсөн сайд нараа соль гэдэг шаардлагыг эхлээд Ерөнхий сайдад тавина. Сайд нараа солих эрх нь Ерөнхий сайдад бий шүү дээ. Хэрвээ Ерөнхий сайд асуудлыг оруулж ирэхгүй бол УИХ-ын гишүүд тэр асуудлыг албан ёсоор оруулан ирж шийдвэрлүүлнэ. Товчхондоо Ерөнхий сайдыг хууль биелүүлэхийг шаардаад биелүүлэхгүй бол өөрийнх нь асуудлыг өргөн барина. 
 
-Та нар тэгээд хамгийн түрүүнд ямар яамны сайд нарыг онилоод байгаа юм бэ дээ?
 
-Энэ бол тодорхой харагдаж байгаа асуудал. Хамгийн их хэл ам таталж байгаагаар нь эхлээд манай намаас Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба, дараа нь МАН-ыг төлөөлж БОНХАЖ-ын сайд болсон Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ. Энэ гурван сайд маш их чих халууцуулж байгааг олон нийт сайн мэдэж байгаа. Дээр нь Гадаад хэргийн яам нэмэгдэж ч болзошгүй. Бидний хувьд Ерөнхий сайд өөрөө сайн дураараа хууль хэрэгжүүлээд дээрх сайд нарынхаа асуудлыг оруулж ирэх болов уу гэж харж байгаа. Өргөдлийн байнгын хорооны 15 гишүүний олонх нь надтай санал нийлж байгааг хэлэх ёстой. Аль ч утгаар нь хэлэхэд манай байнгын хорооноос тодорхой шийдвэр гарч УИХ-ын даргад өргөн барина. Бидний хамгийн гол зорилго бол төр нь, төрийн албан хаагчдаа хамгаалдаг юм шүү гэдгийг л хууль зөрчөөд байгаа албан тушаалтнуудад мэдрүүлэхэд оршиж байгаа юм. 
 
-Та саяхан Чингэлтэй дүүргийн Засаг даргатай муудалцаад авах шиг болсон. Юу болсон юм бэ дээ?
 
-Аа тийм юм болсон шүү. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн сургуулиудаас олон өргөдөл, гомдол ирсэн юм. Тэгээд тэр ажлаар судалгаа хийж явтал Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд гэдэг нөхөр “Та энэ тойрог дээр битгий ажиллаад байгаач. Манай тойргоос гараагүй байж” гэж УИХ-ын нэг байнгын хороон даргын эрхэнд бүдүүлгээр халдсан. Ийм дураараа, хариуцлагагүй ярьдаг Засаг дарга байдаг л юм байна. Түүнээс гадна Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн Засаг дарга нартай холбоотой Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан мөнгийг үрэн таран хийж, шамшигдуулсан байж болзошгүй асууд­лаар шал­­­галт оруу­­лаад байгаа. Өнөөдөр Орон нут­­­гийн хөгжлийн санд хуваарилагдсан мөнгөөр нэг жаахан хайс босгох ч юмуу, үгүй бол сумын соёлын ордноос жаахан юм босгочихоод “спортын ордон” барьчихсан гээд байж болохгүй шүү дээ. 
 
-УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хаяг­ласан гомдол хөдөө орон нутгаас харьцангуй бага ирдэг үү?
 
-Үгүй. Харин ч сүүлийн үед их ирдэг болсон. Жишээлбэл Дорнод аймгийн Матад сум болон Эрдэнэбадрах багийн иргэдээс олон тооны гомдол, санал ирсэн. Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай холбоотой гомдол л доо. Тухайн компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүрэгтэй ч усны машинаа хүртэл хятад хүмүүсээр бариулаад байгаа юм билээ. Компанийх нь хөрөнгө оруулалт, ашиг орлого огцом нэмэгдээд байхад Монголчуудад тэр нь ерөөсөө наалдахгүй байгаа. Нөгөөтэйгүүр “Петро Чайна Дачин Тамсаг” компани өнөөдрийг хүртэл засмал зам тавиагүйгээс болж Матад сумын газар нутаг маш их талхлагдаж, цөлжилт эрчимжиж байна гэсэн. 
 
Урьд нь Матад суманд сүрэглэн амьдардаг байсан Цагаан зээр юу ч үгүй дайжаад алга болсон гэж байна. Ялангуяа газрын тосны салбарт Монгол хүний хийж чадах ажлын байрыг хятадууд булаасаар байгааг анхаарал­даа авч энэ талаар дорвитой ажиллахаар бэлтгэж байна. Энэ асуудлаар Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Газрын тосны газартай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллуулна. Мөн Эрдэнэт үйдвэрийн ажилчдаас тодорхой санал, гомдол ирж байгаа. Эрдэнэтийг сэм сэмхэн хувьчлах асуудал яваад байгааг тэд дурдсан байна лээ. Монгол Улс болон Эрдэнэт хотыг тэжээж байгаа энэ үйлдвэрийн асуудлыг бас нэлээн нарийн судалж, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг давын өмнө тавих учиртай. Энэ асуудалд баг гараад ажиллаж эхэлж байна. 
 
-Тавантолгойн асууд­лаар МАХН-ынхан нэлээн нухацтай ажиллаж, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж дуулдсан. Тэр чухам ямар хууль вэ?
 
-МАХН дээр хуулийн баг ажилладаг юм. Бидний зорилго бол Тавантолгойг 100 хувь Монголын ард түмний өмч болгох ёстой гэдэг байр суурин дээрээ бат зогсож байгаа. Тийм ч учраас МАХН-ын дэргэдэх хуулийн багийнхан “Ард түмэнд хишиг хувь хүртээх тухай” хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тавантолгойг ямар нэгэн гэрээгээр юмуу, тухайлсан нэг сайдын тушаалаар биш тодорхой хуулиар энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслөө бэлэн болгож байна. Удахгүй өргөн барина. 
 
-Түрүүн та хэлмэгдэгс­дийн үр хүүх­дүүдэд нөхөн олговор олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байгаа гэсэн. Хэлмэгдэгсдийн ар гэрт төрөөс тодорхой тусламж, дэмжлэг үзүүлсээр байхад дахиад тийм төсөл хийх зайлшгүй шаардлага байгаа юмуу?
 
-Байгаа. Эцэг эх нь 1937 онд хэлмэгдэж, түүний мөрөөр сургууль соёл ч үгүй, хурааж хуримтлуулсан хөрөнгө ч үгүй үлдсэн 78-92 насын 400-аад ахмад өнөөдөр амьд байгаа. Тэдний тэтгэврийг ядаж 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад өргөн барих гэж байна. Эд нар хөөрхий хэдий олон жил наслах вэ дээ, тийм биз дээ. Монголын төр тэдний өмнө үйлдсэн нүглээ амьд сэрүүнд нь ядаж нэг удаа цайруулах хэрэгтэй шүү дээ. Удахгүй УИХ-ын гишүүний гурван жилийнхээ ажлын тайланг ард түмэндээ танилцуулна. За нэг иймэрхүү л ажил хийгээд явж байна дээ.
 
Эх сурвалж: