sonin.mn
“Би Галдан бошигт хааны удмыг залгасан Өөлд ардын хүүхэд” хэмээн удам угсаагаараа бахархангуй хуучлах энэ буурайг Хөхийн Тост гэдэг. Ардын хувьсгал ялахаас хоёрхон жилийн өмнө мэндэлсэн хүүдээ эцэг, эх хоёр нь уг нь Готов хэмээх нэр хайрлажээ. Гэвч хүү нь хэлд орохын цагт хаа явсан газраа хурганы бор арьс дэвсэж суугаад “Надад өрөм өгөөч” хэмээн гуйдаг тос зөөхийд дуртай нэгэн болжээ. Тиймээс өвөг эцэг нь түүнийг өхөөрдөж “тосон бор” хэмээн дуудах болсон нь хожмоо дуурсах алдар нь болон хувирсан байна.
 
Авга ах нь Ганданпунцаглан хийдийн их хамба байсан учир Тостыг 18 нас хүрэхэд нутгийн тайж Цогтын охин Надмидыг гэргий болгон авч өгчээ. Надмид өндөр дээд язгуурын удмын хүн учир бичиг үсэгт гаргууд. Тэрбээр нөхөртөө дөрвөн аргын тоог хялбархаан зааж өгсөн гэдэг. Тэд 1937 онд улсынхаа нийслэлийг зорьж, Х.Тост Мал эмнэлгийн сургуульд элсэн суралцжээ. Сургуулиа төгсмөгцөө томилолт авч Говь-Алтай аймагт очиж ажилласан байна. Өдгөө 96 насыг зооглож буй ч ухаан санаа саруул, аливаа зүйлийг он дарааллаар нь сүрхий санадаг энэ буурлын оюун санаанд анхны цалингаа аваад шагнал гардсан мэт баярлаж байсан нь ч тодхон хадгалагдан үлджээ. Х.Тост гуайн мэдрэмж гэж яана. Эмч хүний гол багаж болсон чагнуур цээжинд хүрэхийн төдийд өвчин эмгэгийн талаарх мэдээллийг түргэнээ өгдөг бол Х.Тост гуайн нүдний харц ярилцаж буй хүний байр байдал, асуух гэж байгаа асуулт, хэлэх гэж байгаа үгийг хормын дотор эзэндээ дамжуулчихдаг бололтой. Тиймдээ ч түүнтэй ярилцаж суухад “Санана гэж цахилгаан тоолуур, мэдэрнэ гэж алтан чагнуур юм даа ” гэж бодогдсон шүү.
 
Тэрбээр “Тухайн үед хүн, мал хоёр ч эрүүл байгаагүй юм билээ шүү дээ” хэмээгээд 1942 оны есдүгээр сард Говь-Алтайд болсон нэгэн их шуурганы үеэр 29 хүн амиа алдсан тухай эмгэнэн дурслаа. Түүнээс шалтгаалаагүй боловч сургуулиа төгсөөд удаагүй эмч залууд энэ бүхэн тун ч хүнд тусч байжээ. Хожим Ховд аймгийн Алтайн даваанд малын халдварт өвчин гарсан тул илгээлт аван нутгаа зорьжээ. Тэрбээр сарлагийн шар уначихаад малчин айлуудаар явж байхдаа цаг оройтон төөрч, их цасан дунд осгохгүйн тулд шөнөжин чулуу өргөсөөр үүр цайлгасан байна. Ажил хийж байгаа учир хэдийгээр бие нь гаднаасаа халуу дүүгэсээр байсан ч өглөө болоход хоёр гар нь хөлдчихсөн байсан гэдэг.
 
Тэр үед хүн, малын өвчин их, мэргэжлийн сургууль төгссөн хүний үүрэг хариуцлага өндөр учир өөрөө өвдөх эрхгүй хэмээн сэтгэж, ажлынхаа төлөө унтах нойр, идэх хоол, амрах цаг заваа умартан зүтгэж явсан нэгэн. Харин 1944 онд эх орны хүүгийн үүргээ гүйцэтгэхээр цэрэгт мордож, чөлөөлөх дайнд оролцжээ. Тэрбээр энэ тухайгаа “Эх орон, ард түмнийхээ энхийн төлөө дайснуудаас нэгийг ч болов хороох юмсан гэж бодохоос бус “намайг хөнөөчих болов уу” гэж бодох ч сөхөө байсангүй дээ” хэмээн дурссан юм.
 
Ийнхүү эрүүл энхийн манаанаас эх орны манаанд шилжсэн тэрбээр дайн дуусмагц Ховд аймгийн Намын хорооны даргаар томилогджээ. Энэ үед малын эмчээр идэвх зүтгэлтэй ажилласныг нь үнэлж, Самбуу даргын гарын үсэгтэй Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаасан нь түүний нэгэн бахархалт дурсамж болон үлджээ.
 
Гэтэл цаг төр өөрчлөгдөж, малын эмч Х.Тостыг Авто баазад хуваарилжээ. Ингэснээр тэрбээр тээврийн албанд 31 жил зүтгэсэн байна. Улмаар Барилгын цэрэгт хуваарилагдаж, 1000 монгол цэрэг, 300 герман хүнийг удирдан мах комбинатыг бариулах ажилд хүчин зүтгэж эхэлжээ. Тэр үед Дарханаас зуурмагийн бохир хайрга вагонаар ачиж авч ирдэг байсан бөгөөд Х.Тост бригадынхаа залуусын хамтаар түүнийг шөнөжин буулгаад, өдөржин барилгын талбай руу зөөдөг байв. Хэдийгээр өмнө нь нүд цавчихын аргагүй цасан шуургатай нүүр тулж байсан ч амьдралдаа үзсэн хамгийн хүнд ажил нь энэ л байсан гэнэ. 
 
Тэрбээр гавьяаны амралтандаа суухаас нэг жилийн өмнө Баянгол дүүрэгт нүүж ирсэн бөгөөд 1981 оноос орцны ахлагчаар ажиллаж эхэлжээ. Энэ үеэс орчноо тохижуулах ажилд идэвх санаачлагатай оролцож, байрныхаа гадаа гурван мод тариулсан боловч өдгөө ганц нь л цэцэглэн ургаж байгаа аж. 
Хүн гэдэг амьтан нас ахих тусмаа бөгтийж, байгаль эх рүүгээ ойртдог бол ургамал модод он жил улирах тутам тэнгэр рүү тэмүүлдэг жамтай. Тэр л жамаар анх тарихад байрны хоёр давхрын цонхтой чацуу байсан мод нь өдгөө долоон давхар байшинтай зэрэгцэн өссөнийг харах бүртээ баясах сэтгэл төрж суудаг биз ээ.
 
Х.Тост гуай орцны ахлагчийн ажлаа гуравхан жилийн өмнө өгч, албан ёсоор гэртээ суух болжээ. Гэвч энх цагт эмчийн үүрэг хүлээж, дайны үед байлдагч явсан тэрбээр өдгөө ч өөрийгөө аливаа зүйлд бэлэн байдалд байлгадаг зантай бололтой. Тиймдээ ч одоо ч эх орон хэзээ дуудна, “Зэрэгц, номхон” командаар тэвхийтэл ёсолж зогсох тийм л сэтгэл өвөрлөн, улс нийгмийнхээ төлөө элдвийг бодож, сэтгэлээ чилээж сууна. Эцэг, эх бага балчираас нь, нам засаг залуу идрээс нь түүнийг ингэж л хүмүүжүүлжээ. 
 
Аав, ээжээс ах дүү есүүлээ ч өдгөө гурвуулхнаа үлдсэн тэрбээр хорвоогийн жам ёсонд гоморхож туниж явсангүй. “Манай хамгийн бага дүү одоо 79-тэй залуу бий” хэмээн ярих нь ёстой л ахын сэтгэлд өтөл настай дүү нь цэл залуухнаараа харагдсаар байгааг илтгэх мэт. Х.Тост гуай өөрөө ч сэтгэлээрээ цэл залуухнаараа дэгж дэрвэж яваа нь түүний ярианаас илт байлаа. Тиймээс түүнтэй ярилцсан хэдэн хоромд “Нас бол зүгээр л тоо гэдэг юутай үнэн үг вэ” хэмээн өөрийн эрхгүй уулга алдаж билээ.
 
Эх сурвалж: