sonin.mn
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан талаарх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Гэтэл энэхүү баривчилгаа нэлээд “сүржин” болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал түүний гэртээ байхад нь АТГ-ын мөрдөн байцаагч нар дайран орж, гэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрөл үзүүлэнгүүтээ гэрийнх нь хамаг эд зүйлийг нэгжиж, ямар нэг зүйл хайж байсан байна. Улмаар сүүлд нь охиныг нь уйлуулж орхиод нэгжлэгээ зогсоон, Г.Дэнзэнг шууд албадан баривчилжээ. Түүнийг 14:00 цагийн үед АТГ-т аваачсан бол орой 20:00 цагийн үед 14 хоног саатуулах прокурорын зөвшөөрөл үзүүлээд, түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явжээ.
 
Харин энэ талаар түүний өмгөөлөгч П.Содномдорж огт мэдээгүй хэмээж буй юм. Тэрбээр “Өдрийн сонин”-д ярихдаа “Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулад байна. Надад огт мэдэгдээгүй. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Хууль зөрчсөн асуудал. Тэд эрүү шүүлт тулгаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн ч намайг нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь ч мэдэж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана ч, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Хуулийн дагуу үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна гэсэн хүсэлтийг АТГ-ын удирдлагуудад тавьсан ч хүлээж авсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна” гэсэн байна.  ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг баривчилсан үйл явдал "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг руу чиглэсэн гал, энэ гал удахгүй Ардчилсан нам дотор түймэр болж асна" гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна.
 
Э. Сүрэн