sonin.mn
Энд суут Гегелийн “Түүхийг ангилахуй” гэсэн товч хэсэг буй. Гегель бидний мэддэг цаг хугацааны болон нийгэм-эдийн засгийн формац гэхчлэн материаллаг шинжээр ангилаагүй, харин мөнөөх “дух” буюу сүнсний хөгжлөөр ангилсан юм. Ер нь бол хүний нийгмийн түүхийг оюун санааны зүйлээр ангилах ихээхэн түвэгтэй ажил боловч Гегель үүнийг хийж чадсан юм. Тэрээр хөгжлийн диалектикийнхаа алдарт “тезис-антитезис-синтез” гэсэн гурвалаа ашиглан үүнийг хийж чадсан бөлгөө.
Тэр нь хэдийгээр энд байхгүй боловч маш бүдүүн тоймоор ийн тайлбарлаж болно: Ухаандаа тодорхой нэгэн улсыг ч тезис хэмээн авч үзэж болно. Хөгжлийнхөө явцад тэр нь өөрийн эсрэг тэсрэг тал болох антитезисийг төрүүлнэ. Ингээд тезис-антитезис хоёр зөрчилд орно. Ингээд эцсийн дүндээ тэмцлийн үр дүнд шинэ иргэншил буюу синтез үүснэ. Энэхүү синтез нь өмнөх хоёроосоо илүү дээд түвшинд хүрэх ба тэдэнд буй хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг хадгалан авсан байна. Ийнхүү ямар ч хөгжил спираль хэлбэрээр тасралтгүй дээшлэн явагдана. Энэ агуу үндэслэл энд өгүүлэн буй хэсэгт нэлээд хэмжээгээр, чингэхдээ нэлээд ойлгомжтой хэлбэрээр туссан учраас ялган авч орчуулсан юм.
Түүнээс биш энэ суут хүний “Сүнсний суурь үзэгдэл” (Феноменология духа 1812-1816), “Философийн шинжлэх ухааны нэвтэрхий толь (1827, 1830), “Эрхийн философи” (1821), “Логикийн шинжлэх ухаан” (1812-1816), “Байгалийн философи”, “Түүхийн философи”, “Шашны философи”, “Гоо зүйн лекцүүд”, түүнчлэн “Түүхийн философийн лекцүүд” гэдэг суурь агуу бүтээлүүдийг яривал хүний нас хүрэхгүй юм болно. Бид зөвхөн хамгийн сүүлд дурдсан “Түүхийн философийн лекцүүд” ганцхан бүтээлийн тун өчүүхэн хэсгээс л үнэртэх төдий үзэж байна. Иймээс үүнийг цааш гүнзгийрүүлэн судлах, чингэхдээ өөрийнхөө гүн ухаантай харьцуулан судлах л үлдэж байна даа. Энэ нь тийм ч амар хялбар ажил биш боловч хүн, ялангуяа монгол хүн хийж болохгүй, чадахгүй ажил үйлс бас л биш болой… 
 
ТҮҮХИЙГ АНГИЛАХУЙ
 
 
Өмнөх газар зүйн тоймоор ерөнхий байдлаар дэлхий дахины түүхийн чиглэлийг үзсэн. Нар, гэрэл Дорноос түгдэг. Гэхдээ гэрэл бол өөрөө бол энгүүн харьцаа юм: тэрээр өөрөө түгээмэл зүйл болохын хамт наран дахь субъект юм. Сохор хүн гэнэт хараа орж, гийж буй гэгээ, мандаж буй нараар бий болсон үүрийн туяаг харсан дүрслэлийг голдуу өгүүлдэг. Энэ тов тодорхой ил тодод байгаа эцэс төгсгөлгүй өөрийгөө мартах явдал анхдагч төгс гайхашрал болно. Гэхдээ наран мандахад энэ гайхашрал сулардаг; эргэн тойрны зүйлс үзэгдэж, тэндээс өөрийн дотоод ертөнц рүү давшин орох хийгээд тэдгээрийн хоорондын харьцаанд шилжилт хийгдэж эхэлнэ. Дараа нь хүн үйлдэл үгүй бясалгалаас үйл ажиллагаанд шилжинэ, ингээд орой нь өөрийн дотоод нараар бүрдүүлсэн байшинг барьдаг; энэ үедээ л тэр орой болсныг ширтэн хардаг ба тэрээр үүнийг анхны гадаад нарнаас илүү дээгүүр тавьдаг, яагаад гэвэл үүгээр тэр өөрийн сүнстэй холбоотой болсон, улмаар чөлөөт холбоо харилцаатай байгаа. Хэрэв бид энэ дүрийг (образ-Орч.Х.Д.Г.) хадгалж чадах аваас түүнд дэлхий дахины түүх, сүнсний агуу их ажлын явах заалт (указание-Орч.Х.Д.Г.) угаасаа агуулагдаж байдаг.
Дэлхий дахины түүх Дорноос Өрнө рүү чиглэдэг, учир нь Европ бол гарцаагүй дэлхий дахины түүхийн төгсгөл, Ази бол түүний эхлэл мөн. Дэлхий дахины түүхийн хувьд Дорно бол ихэвчлэн давуу талтай, учир нь Дорно бол өөрийнхөө хувьд ямар нэг төгс харьцангуй зүйл мөн; хэдийгээр дэлхий бөмбөрцөг ч гэсэн түүх түүнийг тойрон бичигддэггүй, харин ч урвуугаар түүнд тов тодорхой Дорно гэж буй, энэ Дорно бол Ази юм. 
 
Энд гадаад биет наран манддаг, харин наран Өрнөдөд жаргадаг: гэхдээ хэдий ийм боловч Өрнөдөд илүү мандмал гэгээ түгээдэг өөрийн ухамсрын дотоод наран манддаг юм. Дэлхий дахины түүх бол номхотгошгүй жам ёсны хүсэл зоригийг сахилгажуулж, түүнийг түгээмэл зүйл болгон субъектив эрх чөлөө болгон мандуулсан явдал мөн. Дорно зөвхөн ганцаараа эрх чөлөөтэй гэдгээ мэдэж байсан ба мэддэг, грек болон римийн ертөнц зарим нь эрх чөлөөтэй гэдгийг мэддэг бол германы ертөнц бүгдээрээ эрх чөлөөтэй гэдгийг мэддэг юм.
Ингээд бидний дэлхий дахины түүхэнд бидний харж буй нэгдэх хэлбэр нь деспотизм, хоёрдах нь демократ, гуравдахь нь монарх болой.
Энэ хуваагдлыг ойлгохын тулд төр бол оюун санааны нийтлэг амьдрал бөгөөд хүмүүс төрөхөөсөө авахуулаад түүнд итгэж хандаж, дасаж байдаг ба түүний дотор (төрийн-Орч.Х.Д.Г.) тэдний мөн чанар хийгээд үйл ажиллагаа илэрхийлэгдэж байдаг гэдгийг цохон дурдах ёстой.
Ийм учраас юуны өмнө тэдний бодит амьдрал энэхүү нэгдэлд дадал зуршлын зөн билгээрээ (рефлексия-Орч.Х.Д.Г.) харш байна уу, эсвэл хүмүүс нь оршин буй субъектын хувьд сэтгэдэг хувь хүмүүс үү гэдэг нь ихээхэн ач холбогдолтой.
Энэ утгаар нь субстанциаль эрх чөлөөг субъектив эрх чөлөөнөөс ялган зааглах ёстой. Субстанциаль эрх чөлөө бол дараа нь улс дотор хөгждөг хүсэл зоригийн жинхэнэ оюун ухаан (сущий разум-Орч.Х.Д.Г.) мөн.
Гэхдээ оюун ухааныг ингэж тодорхойлох үед өөрийн ухаарал, өөрийн хүсэлт (хотение-Орч.Х.Д.Г.) хараахан байхгүй, өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүнд л илрэн гардаг, хувь хүний чин сэтгэлийн (совесть-Орч.Х.Д.Г.) зөн билэг (рефлексия-Орч.Х.Д.Г.) болсон субъектив эрх чөлөө байхгүй юм.
Зөвхөн субъектив эрх чөлөөний үед л тушаал, хуулиуд нь ямар нэг тушаал, хууль болох ба өөр дотроо ч, өөрийнхөө хувьд ч гуйвшгүй болж, үүнд субъектууд бүрэн захирагддаг.
 
Эдгээр хуулиудыг хүмүүсийн хувийн хүсэл зоригтой нийцүүлэх шаардлага байхгүй юм. Ийм байдалд субъектууд нь өөрийн гэсэн хүсэл зориггүй, өөрийн гэсэн ухааралгүй эцэг эхдээ захирагддаг хүүхэд лугаа болдог. Гэхдээ субъектив эрх чөлөө бий болмогц л хүн гадаад бодит байдлаас өөрийн сүнс рүү дэвжин ордог, энд өөртөө бодит байдлыг үгүйсгэхийг агуулсан зөн билгээр илэрхийлэгдэх эсрэг тэсрэг байдал үүсдэг.
Эдүгээг зайлуулах энэ үйлд өөрт нь нэг талаас, бурхан болон бурханлаг зүйлс, нөгөө талаас онцгой зүйл болох субъект гэсэн эсрэг тэсрэг байдал угаасаа оршин байдаг. Дорнын шууд ухамсарт энэ хоёрын аль аль нь хамтдаа байдаг. Субстанциаль зүйл орь ганц зүйлээс ялгардаг боловч энэхүү зөрчил сүнсэнд хараахан илэрдэггүй.
Ингээд бид Дорноос эхлэх ёстой. Энэ ертөнцийн (дорнын-Орч.Х.Д.Г.) үндэс нь шууд ухамсар, субстанциаль оюун санаалаг байдал мөн бөгөөд үүнд юуны өмнө сүсэг бишрэл, итгэл үнэмшил, даган захирагдах зэрэг хамаарна. 
 
Төрийн амьдралд бол бид тэнд субъектив эрх чөлөө болон шилжихгүйгээр хөгждөг, хэрэгжиж буй ухаалаг эрх чөлөөг олж болно. Энэ бол түүхийн хүүхэд нас юм.
Субстанциаль хэлбэрүүд дорнын улсуудын бүхий л ухаалаг тодорхойлолт нь илт буй тансаг, заслаг барилгуудыг бүрдүүлдэг, гэхдээ л субъектүүд нь ямар нэг чухал биш зүйл болж үлддэг. Тэд төвөө тойрон, чухамдаа бол захирагчаа тойрон эргэлдэж байдаг, энд захирагч нь Римийн эзэнт гүрний утгаар дарангуйлагч биш, харин эцэг шиг (патриарх-Орч-Х.Д.Г.) байж, төрийг тэргүүлж байдаг.
Тэрээр ёс суртахууны болон субстанциаль эхлэлийг хүндэтгэхийг шаардах ёстой: тэрээр нэгэнт байгаа илт буй тушаал зааврыг дэмжин тэтгэх ёстой, бидний субъектив эрх чөлөө гэж бүрэн төсөөлж буй тэр зүйлс дорнын орнуудад бүхэл хийгээд түгээмэл зүйлсээс урган гардаг.
(Энэхүү бүхэл болон түгээмэл гэдэг нь гүн ухааны категориуд юм. Мөн энд буй маш олон энгийн үгс гүн ухааны категорийн шинжтэй байгааг анхаараасай гэж хүсч байна- Орч.Х.Д.Г.)
Дорнын үзлийн гайхамшиг нь нэг л субъектыг бүх юм хамаардаг субстанц гэж хүлээн зөвшөөрөөд өөр бусад ямар ч субъект салан тусгаарладаггүй, түүний субъектив эрх чөлөөг тусгадаггүй. 
 
Уран сэтгэмж хийгээд байгалийн бүх баялгийг энэхүү субъект эзэмшдэг бөгөөд түүнд субъектив эрх чөлөө мөн чанартаа уусч байдаг, түүний нэр төр (честь-Орч.Х.Д.Г.) түүнд өөрт нь биш, энэхүү туйлын зүйлд байдаг. Төрийн бүх агшин, түүний дотор субъектив чанарын агшин ч гэсэн мэдээж хэрэг бэлхнээ тодорхой байгаа; гэхдээ тэдгээр нь субстанцтай хараахан эвцэлдэж нийлээгүй байгаа.
Нэгдмэл засаглалын гадуур, түүний өмнүүр юу ч бие даан бүрдэж болохгүй, түүнээс гадуур давран догширсон аймшигт дур зоргоос илүү гарах юу ч үгүй.
Ингээд бид зэрлэг хүмүүс тэгш өндөрлөгөөсөө тэмүүлэн улс орон руу нэвтрэн орж, тэднийг үгүйрүүлэн хоосруулах, эсвэл түүний дотор суурьшин сууж, зэрлэг байдлаасаа татгалздагийг, гэхдээ ерөөсөө субстанц дотор ул мөргүй сарнин алга болдгийг харж байна. Субстанциаль байдлын энэ тодорхойлолт нь ерөөсөө тэр дороо хоёр агшинд, чухамдаа яагаад гэвэл тэрээр эсрэг тэсрэг байдлыг хүлээн аваагүй, мөн түүнийг даван туулаагүй болохоороо задран хуваагддаг.
Нэг талаас бид бат бэх байдал, тогтвортой байдал, энх тайванд дуртай орон зай, түүхэн биш түүх, жишээ нь гэр бүлийн эхлэл дээр үндэслэсэн Хятад дахь улсыг болон өөрийн асрамж харгалзаа, сэнхрүүлэг сургамж, зэмлэл шийтгэл, гэхдээ биеийн шийтгэл зэргээрээ тэндэх бүхлийн дэг журмыг дэмжин тэтгэдэг эцгийн эрх мэдэл, эгэл жирийн улсыг харж байна.
Гэхдээ энд төгсгөлгүй байдал хийгээд төгс байдлын эсрэг тэсрэг хэлбэрүүд байхгүй юм. Нөгөө талаас энэхүү орон зайн бат бөх байдалд цаг хугацааны хэлбэр сөрөн зогсож байдаг. Өөрөө буюу зарчмын хувьд өөрчлөгдөхгүй байсаар байгаад энэ улсууд бие биенийхээ хувьд эцэс төгсгөлгүй өөрчлөлтөд нэрвэгдэж, тэдний хооронд мөдхөн ирэх үхлийг дуудсан тасралтгүй мөргөлдөөн болдог.
Төрийн чинад дахь энэхүү эрмэлзэлд, мөн дайсагнал хийгээд тэмцэлд хувийн зарчмын зөн совин нэмж хутгалдсан, гэхдээ хувь хүний сэтгэл зүрхний гэрэл гэгээ болж чадаагүй гэрэл буюу хараахан ухамсаргүй, ердөө л жам ёсны нийтлэгийн гэрэл нэмж хутгалдсан билээ.
Энэ түүх ч гэсэн бас л голдуу түүхэн биш түүх болно, учир нь түүний (энэ түүхийн-Орч.Х.Д.Г.) байгаа нь мөнөөх л агуу их үхэл мөхлийн давталт л юм. Сэтгэл зүрхний эр зориг, хүч чадал, ариун шударгын ачаар бий болсон шинэ зүйл өмнөх агуу ихийн оронд ирж, уналт үхэл мөхөл рүү хүргэдэг мөнөөх л тойрог замаар явах бөлгөө. Ингээд энэ бол жинхэнэ үхэл биш, яагаад гэвэл энэ бүх тасралтгүй өөрчлөлтийн улмаас ямар ч дэвшил явагддаггүй.
Дараа нь, чингэхдээ гадна талдаа ч гэсэн, өөрөөр хэлбэл, өмнөхтэйгээ холбоогүйгээр, түүх угаасаа Дундад Азид шилжсэн юм. Хүний настай харьцуулж үзвэл үүнийг хүүхдийн тайван, итгэмтгий зангаа нэгэнт орхиж, харин цог жавхаа, зодоон цохион дүүрэн өсвөр нас гэж нэрлэж болно.
Дараа нь идэр настай грекийн ертөнцийг харьцуулж болно, учир нь тэнд хувь шинж (индивидуальность) бүрэлдсэн. Энэ бол дэлхий дахины түүхийн хоёрдахь гол зарчим болно. Энд Ази шиг ёс суртахууны эхлэл зарчим болдог; гэхдээ энэ эхлэл нь хувь шинжид батажсан тийм ёс суртахуун болно, улмаар энэ нь хувь хүний чөлөөтэй хүссэн зүйл юм.
Ингээд энд хүсэл зоригийн ёс суртахууны хийгээд субъектив шинжүүд хосолж байгаа буюу эсвэл гоо сайхан эрх чөлөөний хаанчлал оршин байна, учир нь энд үзэл санаа уян хатан хэлбэртэй уялдаж байна: тэр нь нэг талаас, өөрийнхөө хувьд хийсвэрээр хараахан оршихгүй байгаа, гэхдээ уран сайхны бүтээлийн гоо сайханд мэдрэхүйн зүйл оюун санааны зүйлийн ул мөрөө үлдээж, түүний илэрхийлэл болдгийн адилаар бодит байдалтай шууд уялдаж байна.
Ингээд энэ бол үнэн сайхан зохирол (гармония-Орч.Х.Д.Г.) агуу тансаг гоёын хийгээд гэхдээ шилжилтийн буюу нэн богино цэцэглэлтийн хаанчлал мөн; энэхүү гэнэн ёс суртахуун бол хараахан ёс зүй (мораль-Орч.Х.Д.Г.) биш, гэхдээ шударга ёс, хуулийг сахин биелүүлэх зан заншил, дадал зуршлыг шууд дэмжиж байдаг субъектын хувийн хүсэл зориг юм.
Ийнхүү хувь хүн нийтлэг зорилготой илт зохицолд оршин байна. Дорнодод яг байж байгаа субстанц эхлэл хийгээд хувь хүнтэй харьцуулахад үнс нурам болгон хандаж хоёр салгадаг тэр зүйл энд бол нэгдэн нийлж байдаг. Гэхдээ салсан агшингууд зөвхөн шууд биш нэгддэг, ийм учраас үүний зэрэгцээгээр тэдгээрт өөрт нь агуу их зөрчил байдаг. Сайн сайхан ёс суртахууныг сэргэн босгож чадах байсан субъектив зүйл эрх чөлөөний тэмцлийн замаар хараахан боловсроогүй, тэр нь ёс суртахууны чөлөөт субъектив байдал болж чадахуйц тийм цэвэр байдалд хараахан хүрч чадаагүй юм.
Хийсвэр (абстракт-Орч.Х.Д.Г.) түгээмэл байдлын хаанчлалын гуравдахь агшин: энэ бол хүний насны хүнд хүчир ажил – түүхийн эр бяр гүйцсэн римийн төр юм. Эр бяр гүйцэх нас бол хаад ноёдын дур зорго хийгээд өөрийн сайн сайхан дур зоргод ч үл захирагдах явдлаар тодорхойлогдоно, гэхдээ нийтлэг зорилгод үйлчилнэ, чингэхдээ хувь хүн алга болж, хувийн зорилгодоо зөвхөн нийтлэг зорилгоор л дамжин хүрдэг. Төр нь хийсвэрээр тусгаарлаж, зорилгод хандаж эхэлнэ, энэ зорилгод хувь хүмүүс оролцоно, гэхдээ түгээмэл биш хийгээд тодорхой биш зүйлд оролцоно. Чухамхүү чөлөөт хувь хүмүүс л зорилгын хатуу ширүүн шаардлагад өөрийгөө золиос болгож чадна, зорилгод хүрэхийн тулд тэд өөрийгөө зориулах ёстой бөгөөд ийнхүү үйлчилж буй зорилго нь өөрөө хийсвэр түгээмэл зүйл болно.
Римийн улс бол Афины хотууд шиг хувь хүмүүсийн хаанчлал биш юм. Энд хөгжөөн цэнгээн, амьдралын баяр баясгалан нэгэнт байхгүй, харин хүнд, ядаргаат хөдөлмөр бий. Ашиг сонирхол хувь хүнээс тусгаарлана, гэхдээ тэд өөрөө өөрөөсөө хийсвэр хэлбэрийн түгээмэл байдал олж авна. Түгээмэл зүйл хувь хүмүүсийг дарлана, тэд үүн дотор өөрөө өөрөөсөө татгалзахад хүрэх ба гэхдээ тэд өөрийнхөө хувьд түгээмэл байдлыг, өөрөөр хэлбэл бие хүнийг олж авна: тэд орь хүний хувьд хууль зүйн бие хүн болон хувирна.
Хувь хүмүүсийг ямар янзийн хийсвэр ойлголтод багтаан оруулж байгаа тэр утгаар үүнд хувь хүн-ард түмэн бүгд нэрвэгддэг; энэхүү түгээмэл захирагдалд энэ түгээмэл байдлын дарамтын дор тэдний тодорхой хэлбэр алга болж, түүнд масс болон уусдаг. Рим бол бүх бурхан, бүхий л оюун санааны зүйлсийн оршуулгын алдарт бунхан (пантеон-Орч.Х.Д.Г) мөн, гэхдээ эдгээр бурхан, энэ сүнс нь өөрт хэвшмэл амьдралынхаа чанарыг хадгалдаггүй.
Энэ улсын хөгжил хоёр чиглэлд явагдана. Нэг талаас, зөн билэг, хийсвэр түгээмэл байдалд үндэслэгдсэний хувьд тэр нь өөртөө нэн тодорхой илэрхийлэгдсэн эсрэг тэсрэг байдлыг агуулна; ингээд тэр үнэн чанартаа төгс тохиолдлын дарангуй хувь шинж хийгээд нэг захирагчийн бүрэн эгэл (светская-Орч.Х.Д.Г) засаглал хийсвэр түгээмэл байдлыг даван туулж байгаа хоёрын дунд орших зайлшгүй төгсгөлтэйгээ өөрөө өөртэйгээ тэмцэл хийж байдаг юм.
Эхэн үедээ хийсвэр түгээмэл зүйл болсон төрийн зорилго хийгээд хийсвэр хүн хоёрын зөрчил оршин байжээ; гэхдээ дараа нь түүхэн үйл явцад бие хүн зонхилогч болж, түүний атом болон задрахыг зөвхөн гадаад албадлагын хүчээр л сэргийлэн зогсоож болох байсан тэр үед субъектив хүчний ноёрхол энэ зорилтыг шийдвэрлэх үүрэгтэй болж иржээ.
Хийсвэр зүй тогтол бол өөрөө өөртөө тодорхой биш, дотоод зохион байгуулалт байхгүй байхын хамт тэрээр хүч, түүний хөдөлгүүр, ноёрхогч эхлэл болохын тулд тохиолдлын субъектив байдал хийгээд эрх чөлөөнөөсөө хагацсан тодорхой хүмүүс хөгжингүй хувийн эрхээс тайтгарал хайсан дур зоргийн эрх мэдэлтэй байхад л оршдог юм.
Эсрэг тэсрэг байдлын цэвэр эгэл эвлэрэл ийм л байдаг. Гэхдээ тэр үед дарангуйллаар өдөөгдөж амссан хийгээд мэдрэгдсэн зовлон, мөн өөрөө өөртөө бугшсан сүнс бурхангүй ертөнцийг орхин, өөрөө өөртөө эвлэрлийг хайж, бүрэн тодорхой үнэн зүрхний шинж чанартай, мөн түүний хамт гадаад бэлэн ахуйд суурилсан төдийгүй, субстанциаль шинж дүүрэн өөрийн дотоод амьдралаар амьдарч эхэлдэг.
Ийм маягаар оюун санааны дотоод эвлэрэл явагдах бөгөөд чухамхүү үүний ачаар хувьч бие хүн цэвэрлэгдэж, хувиран өөрчлөгдөж, өөртөө буй түгээмэл зүйл хүртэл, улмаар өөрийнхөө төлөөх түгээмэл субъектив зүйл хүртэл, бурханлаг бие хүн хүртэл дэвжин дээшилдэг. Ийм маягаар дээр дурдсан хаанчлалд ердөө л оюун санааны хаанчлал, өөрийгөө мэдэх субъектив байдлын хаанчлал, чингэхдээ өөрийгөө жинхэнэ сүнсний мөн чанар дотор л мэддэг хаанчлал байдаг.
Дараа нь үүний ачаар дэлхий дахины түүхийн дөрөвдэх агшин эхэлнэ: энэ бол хүний настай харьцуулахад өвгөн настай харгалзах германы төр юм. Жам ёсны өвгөн нас сул тал болдог бол сүнсний өвгөн нас бол түүнийг нэгдэлд хүргэдэг бүрэн идэр нас юм, энэ чинь сүнс шүү дээ.
Энэ улс бол христианы ёсонд болсон эвлэрлээс эхэлдэг; гэхдээ энэ нь одоо өөр дотроо хийгдэж байна, яагаад гэвэл тэр нь энүүхэндээ хэлэхэд оюун санаа, шашны зарчмын гайхамшигтай зөрчил хийгээд хамгийн зэрлэг бүдүүлэг бодит байдлаас эхэлсэн юм. Эхэндээ сүнс нь өөрөө дотоод ертөнцийн ухамсрын хувьд бас л хийсвэр байсан ба үүний улмаас эгэл амьдралд бүдүүлэг байдал, зур зорго ноёрхож байлаа.
Энэ бүдүүлэг байдал, энэ дур зоргын эсрэг эхэндээ дорнын ертөнцийн хувирал, магеметын зарчим боссон юм. Тэрээр христианы ёсыг бодвол хожим бөгөөд хурдан хөгжсөн, учир нь түүнд (христийн ёсыг хэлж байна-Орч. Х.Д.Г.) дэлхийн хүч болон төлөвшихөд найман зуун шаардагдсан юм.
Гэхдээ герман үндэстний ачаар дэлхийн германы зарчим тодорхой бодит байдал болон хэрэгжсэн билээ. Энд ч гэсэн оюун ухааны хаанчлал дахь оюун ухааны зарчим хийгээд эгэл амьдрал дахь бүдүүлэг, догшин зэрлэгшлийн эсрэг тэсрэг байдал илрэн гардаг юм. Эгэл амьдрал оюун ухааны зарчимд нийцэх ёстой, гэхдээ зөвхөн ёстой л юм: сэтгэл зүрхгүй эгэл амьдрал юуны өмнө оюун санааны засаглалын өмнө алга болох ёстой; учир нь тэр (оюун санааны засаг-Орч.Х.Д.Г.) эхлэн живж, тэрээр өөрийн зориулалтаас татгалзаж, түүний хамт өөрийн хүчийг алдана.
 
Оюун санааны талын энэхүү муудалт, өөрөөр хэлбэл сүм хийд оюун ухаант сэтгэлгээний илүү дээд хэлбэрийн хөгжлийг дуудаж байна: өөрийнхөө дотогш бугшсан сүнс бодол санааны хэлбэрт өөрийн ажлыг хийж байна, тэрээр зөвхөн энхийн зарчмаас л үүдсэн оюун ухаант зүйлсийг хэрэгжүүлэх чадвартай болов.
Ийм маягаар сүнсний зарчмын үндэс болж буй, үйлчилж буй ерөнхий тодорхойлолтын ачаар бодол санааны хаанчлал бодит байдалд биеллээ олж байна. Төр хийгээд сүм хийдийн зөрчил алга болж, сүнс өөрийгөө эгэл амьдралд олох болж, түүнийг бэлэн ахуйд өөрийн хамт амин зүйл мэт зохион байгуулж байна. Төр сүм хийдийн дор оршихоо байж, түүнд нэгэнт захирагдахаа болив; сүм хийд давуу талаа алдаж, оюун санааны эхлэл төрд харш зүйл байхаа болив.
Эрх чөлөө тулгуураа олж, өөрийн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай өөрийн ойлголттой болов. Үүнд л дэлхий дахины түүхийн зорилго оршино, дээр дурдсан тоймд дурдсан замаар бид маш удаан замнах болно. Гэвч цаг хугацааны үргэлжлэл бол ямар нэг төгс харьцангуй зүйл, сүнс бол мөнх юм. Яг таг утгаараа сүнсэнд үргэлжлэл гэж байдаггүй юм.
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?