sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын мэдээллийг сонссоны зэрэгцээ ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцжээ.
 
 
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийв. Тус хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн ажлын айлчлалынхаа дүнг танилцуулсан аж. Ерөнхий сайд Дубайд хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн төлөвлөгөөнөөс 1 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулжээ. Мөн Монголоос 1 сая толгой мал экспортод гаргахаар болсон бөгөөд энэ чиглэлээр үйлдвэр байгуулах асуудлыг давхар хөнджээ. Үүний зэрэгцээ гадаадын эдийн засгийн томоохон сонин сэтгүүлд уг  айлчлалыг онцолж мэдээлсэн гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэв. Харин бүлгийн дэд дарга С.Одонтуяа “АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Дубайд хийсэн айлчлал, Оюутолгойн төлөвлөгөө, бусад хөрөнгө оруулалтын чиглэлээр хийсэн ажлуудыг бүлэг сайшааж, баяр хүргэсэн. Энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар намын гишүүд тус тусын үүрэг аваад ажиллаж байна” гэсэн юм.
 
Энэ үеэр УИХ-ын дарга өнгөрсөн бямба гарагт Хөшигийн хөндийн  нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцсан талаараа мэдээлэл хийжээ.  Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулаад Дубайн нисэх буудал дээр байдаг шиг чөлөөт бүсийг монголдоо байгуулах боломжтой гэсэн өөрийн байр суурийг хуралдаанд илэрхийлсэн байна. Дубайгийн чөлөөт бүс дэх нийт жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж.  Тиймээс  хол явж байхаар,  нэг цаг 30 минутын хугацаанд манай руу нисч ирэх боломжтой.  Тиймээс казино байгуулах чадвартай цөөн хэдэн компаниас зөвхөн  нэгд нь санал тавих нь зүйтэй  гэж үзэж байгаагаа УИХ-ын  дарга хэлжээ.
 
Түүнчлэн ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ажилгүйдлийн  дэд ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хэлэхдээ, “Бензин, шатах тослох материалын хувьд 100 хувь гадны хараат байгаа. 150 сая тонн хүрэн нүүрсээ боловсруулах замаар дотоодын хэрэгцээгээ хангах бололцоотой. Энэ төслөө хэрэгжүүлнэ. Шинэ төмөр замын бодлого ерөнхийдөө шийдэгдэж байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах асуудлыг олон жил ярьж байна. АН-ын бүлэг өнөөдөр ярьж байгаад тус төслийг эхлүүлэх чиглэл рүү анхаарлаа хандуулахаар тогтлоо. Арьс ширний аж үйлдвэр, Шинэ Яармаг төслүүд энэ зун эхэлнэ. Ингэж ажилгүйдлийг шийдэж байж улс орон хөгжинө. Засгийн газартай хамтарч томоохон төслүүдээ хөдөлгөнө” гэв. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төслийг  өргөн барьсан. Уг тогтоолын төслийг бүлэг хэлэлцээд МАН-ыг сонгуулийн шоу хийлээ гэж үзсэн байна. Учир нь өөр хүн хөөцөлдөж байсан ажлыг тус нам өөрийнхөө нэр дээр авч хэлэлцүүлэх гэж байгааг бүлгийн дарга буруушаав.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг