sonin.mn
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа.
 
 
 
Тус корпораци нь 1975 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Билл Гейтс үндэс суурийг нь тавьсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орон дахь тус корпорацийн салбаруудад нийт 128 мянга гаруй хүн ажиллаж байна. Майкрософт нь 2014 онд 86 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, ашиг орлогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тус корпорацийн Худалдааны бодлого, стратеги хариуцсан захирал Дороти Двоскин, Төв болон Зүүн Европ дахь Төвийн Лицензийн асуудал хариуцсан захирал Евгений А.Данилов нар угтан авч үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
 
Майкрософт корпорацийн үйл ажиллагаа, санаачлан гаргасан шинэ бүтээл, оновчтой санааг бүтээгдэхүүний хувьд болон олон нийтийг хамарсан бодлого зорилтын хүрээнд таниулан сурталчлах, компанийн талаарх олон нийтийн санал бодлыг өөрчлөх зорилгоор байгуулагдсан тус төв нь Засгийн газрын удирдах албан тушаалтан, албаны хүмүүс болон гуравдагч байгууллагуудад хүрч ажиллах зорилготой. Мөн шударга өрсөлдөөнийг зохицуулах, зохиогчийн эрхийг хамгаалах, шинэ технологи бүтээгдэхүүн хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, боловсролыг дэмжих, инновацийн асуудлаарх төрийн бодлогын шинэчлэл, зохицуулалтын талаарх Майкрософт корпорацийн байр суурийг таниулахад тус төвийн үйл ажиллагаа чиглэгддэг.
 
Майкрософтын бүтээгдэхүүнийг Монголд өргөн хэрэглэдэг бөгөөд зарим талаар зохиогчийн эрхийг зөрчдөг талаарх тус корпорацийн танилцуулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонссоны дараа зохиогчийн эрхийг хүндэтгэх талаар Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллана гээд төр засгийн 180-аад үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. Энэ чиглэлд болон тус корпорацийн мэдээллийн технологийн шинэ ололтуудыг Монголд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд уулзалтын үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.