sonin.mn
МАХН байгуулагдсаны 94 жил, нам нэрээ дахин сэргээсний дөрвөн жилийн ойн баярын мэндийг эрхэм гишүүд дэмжигчид, ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн яваа залуус та бүхэндээ хүргье.
Монгол Улсын XX зууны түүхийг МАХН-ын 94 жилийн түүхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч ард түмнийхээ хүсэл эрмэлзлэл, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн луужин байж ирсний хувьд МАХН Монгол Улсын хувь заяаны хөтөч болж чадсан байдаг юм.
 
 
Бидний хамтдаа туулсан зам дардан байгаагүй. Хүсэл зоригийг маань, итгэл үнэмшлийг маань, үзэл баримтлалыг маань мохоох гэсэн цагийн шуургыг бид давж гарсан. Улс орны хүнд цаг үед ачааны хүндийг үүрч, ард түмнээ гэсэн сэтгэл, улс орноо гэсэн зүтгэлээр тэр бүхийг давж гарсан. Түүхэн үеүд, нийгмийн бүхий л сорилтод бид ард түмнийхээ хүсэл зоргын индэр, итгэл сэтгэлийн бамбар болж чадсан учраас 94 жил монголчууд МАХН гэсэн дөрвөн үсэгт Монгол гэсэн зургаан үсгийн хувь заяаг даатгаж ирсэн байдаг. Итгэлийг зүтгэлээр хариулж, сонголтыг хөгжлөөр түүчээлэх нь аливаа улс төрийн намын эрхэм зорилго байх учиртай. Тийм ч учраас МАХН социализмаас ардчилал хүрэх энэ замын турш ард түмэнтэйгээ хамт байж ирсэн.
 
 
Бид шинэ цаг үеийг, ирээдүйг хамтдаа бүтээж байна. Шинэ бүхэн өөрийн гэсэн эерэг бас сөрөг талтай байдаг. Гагцхүү бид дасан зохицож давж гарах ёстой. МАХН ч өөрийн шинэ цаг үеийг бүтээж байна. МАХН гэсэн нэрийг мөхөөж, монголчуудын түүхийг баллуурдах гэсэн оролдлого гарч байв. Ард түмэн хүсээгүй. Монголчууд тэвчээгүй. Тиймээс бид 2010 оны зургадугаар сарын энэ өдөр намынхаа нэрийг дахин сэргээж, монголчуудынхаа түүхийг, ард түмнийхээ итгэлийг эргүүлэн олж авсан юм.
 
 
Өнөөгийн МАХН нь эрүүлжсэн, шударга, дэлхий нийтэд шалгарсан социал демократ үзэл баримтлалд тулгуурлсан бодлогыг хэрэгжүүлж буй хөгжлийн нам болон төлөвшиж чадсан байна. МАХН-ыг дэмжиж, үйл хэргийг нь сайшаах гишүүд дэмжичгдийн тоо ч жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр улс төрийн гуравдагч, томоохон хүчин болон бэхжлээ.
 
 
Цаашид МАХН монгол хүн бүрийн элэг бүтэн, элбэг дэлбэг амьдралын төлөөх үйл хэргээ үргэлжүүлж, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийн төлөө ажиллах болно. Бидэнд урхах зам байхгүй. Гагцхүү ургашлах зам бий. Гэвч өнөөгийн улс төрийн намууд, тэдний цөөн тооны удирдлагууд ард түмнээсээ тасарч алсын замд аль хэдийнэ гарчихсан байна. МАХН, монголчуудад ийм улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүс хэрэггүй. Харин хамтдаа ургашилж, хамтдаа хөгждөг улс төрийн хүчин, удирдагч нар л хэрэгтэй. Түүхэн ойн энэ өдөр тэрхүү хамтдаа ургашлах улс төрийн хүчин МАХН байж чадна гэдгийг нийт монголчууддаа уламжилж байна.
Хамтдаа туулсан 94 жил, хамтдаа тэмцсэн дөрвөн жилийн ойн баярын мэндийг дахин хүргье.
 
 
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО