sonin.mn
Гэр хороололд амьдардаг иргэдийг хог, шороондоо хутгалдсан бохир заваан амьтад гэж сэжиглэдэг “тансаг” иргэд манай хотод даанч олон. Мэдээж энэ бол хотын төвд огторгуйд тэмүүлсэн өндөр байшинд тохилог сайхан амьдардаг орон сууцны оршин суугчдаас л гардаг зан. Гэтэл бас их хотын төвд өндөр сайхан харшид суудаг хэрнээ хогон дунд амьдарч, тоос шороондоо дарагдан, шавар хана хэрмээр хөлөө тушуулсан газар ч бас байх юм.
 
Тодруулбал, бидний хэлж заншсанаар X хороолол буюу Баянгол дүүргийн 5 дугдугаар хорооны 9 орон сууцны нийт 3000 гаруй оршин суугч иймэрхүү байдалтай амьдарч байна. Эдгээр орон сууц руу машин байтугай явган хүн ороход ч тун бэрхшээлтэй замыг туулна.
 
Төөрдөг байшин мэт сүлжилдсэн урт замаар бартаат замын уралдаанд оролцож байгаа мэт элдэв саадыг даван алхсаар арайхийн хүрч ирвэл хүүхдийн тоглоомын талбай ч үгүй, давчуухан орон зай угтах аж. Машинаасаа буумагцаа шууд орон сууцны орц бараадахгүй бол урд талаас сул хийсч ирэх шороонд нь булуулж, төдхнөө бадан хар нэгэн болж хувирах бололтой.
 
Эндхийн оршин суугчид ийнхүү урд талаараа шороон балгас болсон төмөр замаар хашуулж, хойд талаараа хогондоо дарагдсан хуучин шавар “хананцар”-уудаар хүрээлүүлжээ. Хананцар гэхийн учир нь тэдгээр шавар ханууд нь аль хэдийнэ үеэ өнгөрөөж, эвдэрч нураад балгас болсон бөгөөд хүн амьтны хөл тушихаас өөр үүрэггүй аж.
 
Энэ мэтээр хөлөө тушуулж, тохилог орчинд тухтай амьдрах эрхээ хязгаарлуулсан эндхийн иргэдийн дийлэнх нь “Манай эндхийн шороо тоос тамтаггүй. Зуны халуунд хаалга, цонхоо битүүлчихээд суултай ч биш дээ. Бас машинаар гэр рүүгээ орох гэж нэлээд холуур тойрох хэрэг гарна.
 
Явганаар бол үгээр хэлэхийн аргагүй бохир, бас бартаатай зам туулж байж автобусны буудал хүрнэ шүү дээ. Хүмүүст зам заагаад ер ойлгодоггүй юм. Өөрөө л явж үзэж байж хэцүүг нь мэдэрнэ дээ.
 
Уг нь энэ ар талын том шавар хэрэм, нурсан барилгын балгасыг буулгаад, “Мария” эмнэлгийн хогтой хашаанаас жаахан хасчихвал ч бидэнд зам гэдэг зовлон биш л болох юм байгаа юм даа. Сүүлдээ бүүр аргаа бараад, энэ байраа зараад, өөр газар л очиж бууя гэж бодох боллоо” хэмээн халаглаж байв. 
 
Оршин суугчдын зөвлөсөн ёсоор 16 давхар гарч, хойд талын цонхоор харвал миний арайхийн туулж ирсэн зам уг нь тийм ч хол биш ажээ. Хойд талын ханан балгас хийгээд түүнээс цааш үргэлжлэх хогоор дүүрсэн модон хашаа байгаагүйсэн бол тийм бартаатай зам туулалгүй төв замтайгаа “учрах” боломжтой юмсанж. 
 
Харин тэрхүү хогоор дүүрэн хашаа нь ард түмний эрүүл энхийн манаанд зогсох үүргийг хүлээдэг эмнэлгийн байгууллагын эзэмшил аж. Уг нь эмнэлгийн байгууллага гэдэг ариун цэвэр, ахуйн соёлоороо үлгэр жишээ болсон л газар баймаар санагдана. Гэтэл “Мария” гэх эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг төв зам дагуу байрладаг хэрнээ гэр хорооллынхон шиг модон хашаан дотор байрладаг аж.
 
Уг эмнэлгийг нүүрэн талаас нь харвал үгүй ээ, яахав боломжийн үзэмжтэй. Харин хашаан дотор нь ороод харвал, барилгын баруун талын хэсгийг тэр чигээр нь овоолсон хогоор дүүргэсэн байх нь хачирхалтай. Мөн зүүн хэсгийн том талбайг машины зогсоол болов уу гэтэл бас л үгүй аж.
 
Энэхүү хэсэгт бас л эмх замбараагүй тавьсан хэдэн блок, замын плитанаас өөр юу ч үгүй. Ойр орчмын оршин суугчдын баталж буйгаар “Мария” эмнэлэг хашаан доторх хогоо сүүлийн хоёр жил л лав огт цэвэрлээгүй гэнэ. Мөн уг эмнэлгийг ар талаас нь харвал элдэв өнгөөр түмэн зүйлийн нөхөөс тавьсан хуучин дээл шиг л харагдана.
 
Хэдийгээр баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаатай гэдэг шиг хувийн эмнэлэг гаднах үзэмжиндээ анхаарах эсэх нь бидэнд хамаагүй гээд өнгөрч болох л доо. Гэвч олон түмэнд эрүүл мэндийг бэлэглэгч, тэр дундаа улс орны минь хойч үеийг хэвлийдээ тээгч эмэгтэйчүүдэд үйлчилж буй эмнэлгийн байгууллага энэ мэт гаднаа гяланцаг, дотроо паланцаг байж боломгүй санагдана. 
 
Засвар, шинэчлэлт хийе гэтэл хөрөнгө мөнгө нь хүрдэггүй юм болов уу гэтэл бас үгүй бололтой. Уг эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс үнэ төлбөрийн талаар тодруулахад “Жигтэйхэн өндөр үнэтэй юм аа. Ёстой л нөгөө хөдөлвөл хөлс гэдэг шиг бараг үг хэлэх болгондоо үнэ нэхэх нь холгүй юм” гэлцэж байлаа.
 
Харин сэтгүүлч миний ажигласнаар бол ёстой л “гахай” нааж баймаар газар мэт санагдсан. Тэгэхээр “Мария” эмнэлгийнхэн минь ээ, их хотын соёл хаана байна аа. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг дээ. Өнгөц харахад, хаа сайгүй хөглөрч л байдаг хог төдийхөн мэт боловч наанадаж танай эмнэлэгт ажиллагсадын эрүүл ахуй, цаашлаад үйлчлүүлэгчдийн тань эрүүл мэнд энд хөндөгдөж байгаа гэдгийг санаач.
 
Хог овоолохоос өөрөөр ашигладаг энэ том хашааныхаа газраас 20-хон см-ийг хумиад, танай хашаагаар хөл тушигдчихаад байгаа иргэдэд нарийхан жим гаргаад өгчихвөл мөн ч олон хүн баярлах байх даа. Үгүй ядаж л, цэвэрлэж хүчрэхгүй байгаа том талбайнаас чинь бага ч болов, хасагдах бус уу. 
 
Эх сурвалж: