sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний 108 дугаар зарлигаар зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.
 
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 17 шүүгчид Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцсон юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5, дахь хэсгийг үндэслэн Банзайн Манлайбаатарыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгчийн, Баасанжавын Зоригийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн, Азуйсэдийн Мөнхзул, Гоошоохүүгийн Даваадорж нарыг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн, Очирбатын Номуулинг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Сэнгээгийн Хишигбат, Лувсандоржийн Энхжаргал, нарыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Доржсүрэнгийн Мөнгөнтуул, Батсүрэнгийн Хишигбаатар нарыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн, Нямсүрэнгийн Баярсүрэнг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн, Сарантуяагийн Ганбатыг Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Даваанямын Оюумаа, Нэрэндашийн Дуламсүрэн, Амгалангийн Насандэлгэр нарыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн, Гэндэнгийн Алигэрмааг Сум дундын 9 дүгээр шүүхийн шүүгчийн, Ванчинсүрэнгийн Амартүвшинг Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо. 
 
Шүүгч нарт Ерөнхийлөгчийн зарлиг гардуулсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж баяр хүргэн “Ерөнхийлөгчийн зарлиг зуны дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр үзэглэгдэж, та бүхэнд хүрч байгаад бэлэгшээж байна. Шинээр томилогдож байгаа болон давж заалдах шатны шүүхэд шат ахиж, томилогдсон та бүхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Шүүгчээр томилогдсон та бүхэнд маш том хариуцлага ирж байгаа.
 
 Монгол Улсад хийгдэж дунд үедээ явж байгаа шүүхийн шинэтгэлийг та бүхэн дээд зэргээр манлайлж, ажиллах ёстой юм гэдгээ сайн санаж ажиллаарай. Та бүгдийг томилж, тодруулсан зөвхөн бид биш, Монголын бүх ард түмэн бүх хуульчид ажиглаж байгаа. Та бүгдийн гаргасан шийдвэрээр ард түмэн та бүхнийг хүлээж авна. Хэдийгээр Монгол Улсад шүүгчийг сонгон шалгаруулах зарчмаар өөрсдийн ур чадвараар та бүхэн шалгарч, томилогдсон ч гэлээ томилгоо хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл найдварыг дааж ажиллаарай. ” гэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг