sonin.mn
Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин” хийдийн хажууханд байрлах Циркийн сургуульд /хуучин Цирк/ уржигдар 22.00 цагийн үед гал гарч, ойр хавийн оршин суугчдыг багагүй сандаргасан. Одоогоор холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэл, мэдээллийн ажилтан М.Бурмаагаас тодрууллаа.
 
-Галыг хэдэн цагийн үед бүрэн унтраасан бэ?
-Онцгой байдлын алба хаагчид дуудлага авсан даруйдаа очиж, 03.00 цагт галыг бүрэн унтраасан. 
 
-Галын урьдчилсан дүгнэлт гарсан уу?
-Хараахан гараагүй байна.
 
-Иргэд “Гал гарахын өмнөхөн сургууль дээр сантехникийнхэн ажиллаж, гагнуур хийсэн. Гал гарах болсон нь үүнтэй холбоотой байж болзошгүй” гэж ярьж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид болон цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж байна.
 
Б.Бат
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин