sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. “Pew Research Center” судалгааны төвөөс явуулсан санал асуулгад оролцогсдын дийлэнх нь дэлхийн хамгийн алдартай улсаар АНУ-ыг нэрлэжээ. Дэлхийн 40 оронд явуулсан санал асуулгад оролцогсдын 69 хувь нь ийм хариулт өгсөн бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Санал асуулгад оролцогсод, тухайлбал, АНУ-ын эдийн засаг болоод террорист “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй Вашингтоны эрх баригчдын тэмцлийг нааштай үнэлж байна. Лалын шашинтнуудын эсрэг дэлхий даяар эхлүүлсэн АНУ-ын цэргийн кампанит ажлыг санал асуулгад оролцогсдын 62 хувь нь дэмжиж байна. Ингэхдээ энэ үйл ажиллагааг АНУ-ын өөрийнх нь иргэдийн 80 хувь нь дэмжжээ. Террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст тулгадаг АНУ-ын эрүү шүүлтийг санал асуулгад оролцогсдын 50 хувь нь буруушаасан байна.
 
АНУ бол эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч гүрэн гэж 30 орны оролцогчид үзэж байгаа аж. Гэхдээ энэ байр суурийг Хятад улс удахгүй эзэлнэ гэдэгт 27 орны оролцогч итгэлтэй байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үйл ажиллагааг 29 орны оролцогч дэмжиж байна. Энэ жил Америкийн төрийн тэргүүн энэтхэгчүүдийн дунд илүү алдартай болжээ. Түүний нэр хүнд тус улсад 48 хувиас 71 хувь болж өссөн байна. Обамагийн нэр хүнд Израильд унаж, 71 хувиас 49 хувь болж буурчээ.
 
Харин Орост явуулсан санал асуулгад оролцогсдын 86 хувь нь Обамагийн үйл ажиллагааг дэмжихгүй байна.
 
“Pew Research Center” нь Вашинтон хотод байрладаг хараат бус судалгааны төв юм. 2004 онд байгуулагдсан тус төв нь олон нийтийн дунд санал асуулга явуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн контентуудад дүн шинжилгээ хийн хүн амзүйн асуудлыг судалдаг байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг