sonin.mn
Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Ази- Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах" олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Олон улсын сургуульд, Австрали, БНХАУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи зэрэг 30 орчим орны 120 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа юм. Энэхүү сургуулийн үеэр Монгол Улс олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх аврах багтай болно гэдгийг мэдэгдэв.
 
БНХАУ-ын Газар хөдлөлтийн сургалтын төвд суралцаж, амжилттай төгссөн багт албан ёсны гэрчилгээ олгодог. Тэр баг нь дэлхийн аль ч улсад газар хөдлөхөд очиж, аврах ажиллагаа явуулах эрхтэй байдаг гэж Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид тайлбарлав.
 
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин