sonin.mn
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт  Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд, сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчдын чуулга уулзалт өнөөдөр "Чингис" зочид буудалд эхэллээ. 
 
Ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх тус чуулга уулзалтанд бүс нутгийн 6 орон, олон улсын байгууллага, Монголын төр нийгэм, залуучуудын төлөөлөл болсон 250 гаруй залуус оролцож байна. Уг чуулга уулзалтыг ДЭИН ТББ, “Монголын Сайн Дурын байгууллагуудын Сүлжээ” ТББ, Монголын Залуучуудын холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал яам, Дэлхийн залуу манлайлагчдын академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун, Ази Номхон Далайн Энхтайван, Хөгжлийн төлөө Хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, Дэлхийн энхтайван сангийн Стратегийн хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Дэвид Капрара, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн ерөнхийлөгч Ейчин Ли, Монголын Сайн Дурын байгууллагуудын Сүлжээний тэргүүн Г.Ундрал нар оролцсон юм.
 
Зүүн хойд Азийн тус чуулганаар дурынхныг чадавхижуулах, сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж,  хамтын хүчээ нэгтгэх харилцан туршлага солилцох аж.
 
Энэ хүрээнд салбар хуралдаанууд явагдаж байгаа бөгөөд Хүрээлэн буй орчин ба Сайн дурынхан, Нийгмийн хөгжилд сайн дурын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Гамшгийн эрсдлийг бууруулахад сайн дурынхны оролцоо гэсэн сэдвүүдээр үдээс өмнө хуралдах бол Үндэсний сайн дурынхныг чадавхижуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Сайн дурын үйл ажиллагааны эрхзүйн орчин, Компаний нийгмийн хариуцлага ба сайн дурын үйл ажиллагаа  гэсэн салбар хуралдаанууд үдээс хойш үргэлжлэх юм.
 
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт  Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд, сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчдын чуулга уулзалтын  хүрээнд Монголын Залуучуудын Холбоо “Mongolian National Volunteers Corp” байгууллагыг байгуулах санаачилга гарган, төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
 
Уг төсөл  хэрэгжин “Mongolian National Volunteers Corp” байгууллага байгуулагдсанаар Монгол залуус үндэсний хэмжээнд төдийгүй Олон улсын хэмжээнд сайн үйлсийг бүтээж сайн дурын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж. Сайн үйлсын эзэд Улаанбаатарт 7 хоногийн турш саатах бөгөөд Улаанбаатар хотоор аялж, мод тарин эко ажил хийхээс гадна Монголын түүх соёлтой танилцах аж.