sonin.mn
Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Он гарсаар 3 аймгийн 5 суманд аянга буусны улмаас 1 иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогдсон байна. Хамгийн сүүлд буюу Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан-Ус” гэдэг газар малчин М-ийн хотонд энэ сарын 24-ний өдрийн 00:10 цагийн орчимд аянга бууж 2 үхэр хорогджээ. Ирэх саруудад үргэлжлэх их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй гэдгийг мөн цаг уурын байгууллагаас давхар анхааруулж буй. Мөн хэт халалтаас дайжсан иргэд гол ус бараадах нь ихэсдэг. Оны эхний 6 сарын байдлаар усанд живж нас барсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч, 25 хүн амь насаа алдсан байгаагийн  8 нь бага насны хүүхэд байгаа юм. Өнөөдрийн байдлаар уснаас эрэн хайх ажиллагааг 2-3 газарт онцгой байдлын алба хаагчид гүйцэтгэж байна. Иймд болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол авч байхыг анхаарууллаа.
 
Б.Туул
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг