sonin.mn
Орос улсад ломбард ид цэцэглэж байна. Энэ бол валютын ханш тэнгэрт хадаж, арилжааны банкууд шил дараалан дампуурч, улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой нь мэдээж юм. Иргэд цалингаас цалингийн хооронд ломбардад эд зүйлсээ барьцаалан мөнгө зээлж, амьдралаа залгуулах нь их болжээ.
 
Ломбардад үнэт эд зүйл, үслэг эдлэл болон автомашинаа тавьдаг байна. Оны эхэн үеэс оросын иргэдийн барьцаат зээл 30 хувь өссөн байна. Зээлийн нийт дүн 35 тэрбум рубль давсан тухай “Российская газета” бичжээ.
 
Шинжээчдийн яриагаар, ломбардын зээл нь олон иргэдийн хувьд цалин хүртэл торгох гэсэн бодит арга гэнээ. Учир нь банкнаас зээл авахад нэлээд цаг хугацаа шаардагддаг. Тэгээд ч их хүүтэй. Гэхдээ ломбардын хүү бас тийм ч бага биш юм.
 
Оросын Төв банкны сайтан дээр энэ гуравдугаар улиралд ломбардуудын зах зээлийн үнэлгээний зээлийн дундаж хүүг шинэчлэн тогтоосныг нийтэлжээ./Үүнд хүүгээс гадна заавал төлөх ёстой төлбөрүүд нэмэгдэнэ./ Автомашинаас бусад аливаа эд зүйлийг барьцаат зээлийн хүү жилийн 166 хувь байх юм. Тэгвэл автомашиных жилийн 62 хувь байна.
 
Хоёрдугаар улиралтай харьцуулахад зээлийн хүү өсчээ. Гэхдээ машины барьцаат зээл 1 хувь өссөн бол бусад эд зүйлийн жилийн хүү 8 хувиар өсчээ. Энэ бүхнийг Төв Банк ломбардуудыг хяналтандаа байлгахын тулд гаргажээ. Иймд тэд Төв Банкны баталсан хүүг гуравны нэгээс илүү нэмэгдүүлэх эрхгүй аж. Энэхүү журам анх удаагаа ирэх сарын 1–ээс хэрэгжиж эхэлнэ.
 
Москва хот  А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг