sonin.mn
Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд, сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо чуулж буй. “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт  чуулга уулзалт нь нийгмийн хөгжил, энхтайвны үйл ажиллагаан дахь сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэж, залуучууд ба олон талт түншүүдийн хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулсан цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болов.
 
Энэхүү чуулга уулзалтын чухал үр дүнгийн нэг нь Монголын залуучуудын Холбооны санаачилгаар Монголын Сайн Дурынхны Сүлжээтэй хамтран “Монголын Сайн Дурынхны Корпус”-ыг байгуулсан явдал байлаа. Шинээр байгуулагдсан  “Монголын Сайн Дурынхны Корпус” /МСДК/ -ын хүрээнд  хамтран ажиллах зарчим, бүтэц, тэргүүлэх чиглэлүүд, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тодорхойлохоор Монголын Сайн Дурынхны Сүлжээ байгууллагыг Монголын талаас төлөөлж Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн залуучуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, нөгөө талаас  Ази Номхон Далайн Энхтайван, Хөгжлийн Хөдөлгөөнийг төлөөлөн ноён Ингил Ра нар хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурж, хамтын ажиллагаа баталгаажуулсан юм.
 
Монголын Сайн Дурынхны Корпус /МСДК/ нийгэмд сайн дурын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах,  сайн дурын үйлсэд ач холбогдол өгөх, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа бий болгох, хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан байна.  Түүнчлэн уг байгууллага нь тогтмол үйл ажиллагаатай, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны тодорхой цар хүрээ, гишүүнчлэл, урамшууллын тогтолцоотой байх аж.
 
Ийнхүү Монголын Сайн Дурынхны Корпус /МСДК/ байгуулагдсанаар Монгол залуус үндэсний хэмжээнд төдийгүй Олон улсын хэмжээнд сайн үйлсийг бүтээж сайн дурын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.