sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ Кубатай дипломат харилцаагаа сэргээж, ЭСЯ-даа харилцан эргэн нээх тохиролцоонд хүрчээ. Тус хоёр улсын дипломат харилцаа 50 гаруй жилийн өмнө тасарсан юм.
 
Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнөөдөр энэ тохиролцооны тухай зарлана гэж АНУ-ын засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтан “NHK” телевизэд мэдэгджээ.
 
Кубын хувьсгалаас хоёр жилийн дараа 1961 онд АНУ Кубатай харилцаагаа тасалсан билээ. Тэр цагаас хойш АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэргээр Гаванаг барих бодлого баримталж байсан юм.
 
Харин АНУ өмнөх бодлогуудаа эргэн харж, Кубатай харилцаагаа сэргээхээр хэлэлцээ хийж эхэлнэ гэж Обама өнгөрсөн оны оны 12 дугаар сард мэдэгдсэн. Хоёр улсын харилцаа тасарснаас хойших анхны дээд хэмжээний уулзалтыг Обама болон Кубын Ерөнхийлөгч Раул Кастро энэ оны дөрөвдүгээр сард хийсэн юм.
 
Мөн терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтаас АНУ Кубыг энэ оны тавдугаар сард хассан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг