sonin.mn
МХЕГ 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ.“Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явуулав.
 
Тайлангийн хурлаас Мэргэжлийн хяналтын байгууллага оны эхний хагаст ”Эрсдлийн удирдлагын стратеги дээрээ хяналт шалгалтын нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхой болгосон, хийх ажлын цар хүрээ, зорилт, бодлого, үр дүн илүү оновчтой, “Дунд хугацааны төлөвлөгөө”-тэй, шилэн хяналтын системтэй, мэдээллийн нэгдсэн сантай, цахим хяналтын системтэй, байцаагчийн жилийн ажлын нормативтай, үйл ажиллагааны шинэ журамтай болох зэрэг чиглэлээр томоохон ажлын эхлэл тавигдсан гэж дүгнэжээ.
 
Оны эхний хагас жилийн байдлаар 8826 төлөвлөгөөт шалгалт, 3209 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн нь 2015 онд төлөвлөсөн нийт шалгалтын 62.8 хувийг, нийт зөвлөн туслах үйлчилгээний 47.5 хувийг эзэлж байна. Энэ нь төлөвлөсөн ажил зохих хэмжээнд явж байгаа гэсэн үг юм.
 
Төлөвлөгөөт шалгалтад эхний хагас жилд 8826 обьект хамарсны 98.9 хувьд нь  хяналтын хуудас ашигласан байна. Мөн төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээнд 2924 обьект хамруулсны 97.1-д нь хяналтын хуудас ашиглажээ. Энэ нь 2014 он болон өмнөх онуудтай харьцуулахад Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд хяналтын хуудас ашиглах чиглэлээр томоохон ахиц гарсныг харуулж байна. 
 
Эхний хагас жилд төлөвлөгөөт шалгалтад хамарсан 8732 обьектын 1701 буюу 19.4 хувь нь эрсдэл их, төлөвлөгөөт бус шалгалтад хамарсан 2157 обьектын 513 буюу 23.7 хувь, төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 2842 обьектын 419 буюу 14.7 хувь, төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн 256 обьектын 27 буюу 10.5 хувь нь “Эрсдэл их” гэж үнэлэгдсэн байна. Тодруулбал байгаль орчны хяналтаар 36. 6 хувь нь эрсдэл их, геологи, уул уурхайн хяналтаар 29.8 хувь, бусад хяналтын чиглэлээр 8.7-22.5 хувь нь “эрсдэл их”-тэй үнэлэгджээ.
 
Эрсдэл өндөртэй обьектуудад хяналт шалгалтаа чиглүүлэх бодлого баримталж ажилласнаар  өнгөрсөн онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо багасч бага, дунд эрсдэлтэй рүү шилжсэн нь хяналт шалгалтын үр дүн юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж байгаль орчны болон хөдөлмөрийн, бусад аюулгүй ажиллагааны олон хууль журам, стандартын хэрэгжилт хангагдаж байгаа аж. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг