sonin.mn
ЦЮРИХ. /ВВС/. Энэ ням гарагт болох хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтыг  “хувийн шалтгаан”-ы улмаас Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттер үзэж чадахгүй болжээ. Аваргын төлөөх тоглолт Канадад болох юм.
 
Өдгөө 79 настай, Швейцарийн иргэн тэрбээр Ванкуверт болох уг тоглолтыг үзэхээр төлөвлөсөн байжээ. Энэ нь 1998 онд ФИФА-гийн ерөнхийлөгч болсон тэрбээр ДАШТ-ий ялагчдад цомыг нь өөрийн биеэр гардуулж өгөөгүй анхны тохиолдол болно.
 
Блаттер ФИФА-гийн тэргүүнээр өнгөрсөн тавдугаар сард тав дахиа сонгогдсоноосоо хэдхэн хоногийн дараа тус байгууллагыг цаашид удирдахаа болихоор шийдсэнээ зарласан юм. Гэхдээ тэрбээр энэ оны 12 дугаар сард ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны ээлжит бус уулзалтаар дараагийн тэргүүнийг сонгох хүртэл ажлаа өгөхгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг