sonin.mn
ТОКИО. /NHK/. Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийг буцаан авчрахад Японд үргэлжлүүлэн туслахаа Монгол Улсын Засгийн газар амлалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын дарга Ячи Шоотарог нийслэл Улаанбаатар хотдоо өнгөрсөн амралтын өдөр хүлээн авч уулзахдаа ийм амлалт өгчээ.
 
Ячигийн Монголд хийх гурав хоногийн айлчлал өнгөрсөн бямба гарагт эхэлсэн юм.  Ч.Сайханбилэгтэй уулзахын өмнө тэрбээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй гурван цаг хэлэлцээ хийжээ. Ячиг дагалдан яваа албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тэд хулгайлагдсан иргэдийн асуудлаар санаа бодлоо солилцсон байна.
 
Японд туслахын тулд хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байгаагаа Монголын засгийн газарт Японы албаны хүмүүс мөн илэрхийлжээ. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхэд үргэлжлүүлэн тусална гэж Монголын албаны хүмүүс хэлсэн байна. Монгол Улс нь Умард Солонгостой дипломат харилцаатай бөгөөд энэ харилцаагаа тусгай дипломат сувгийг нээхэд ашигласаар ирсэн юм.
 
Монголын Засгийн газар Улаанбаатар хотноо Япон болон Умард Солонгосын албаны хүмүүсийн хооронд засгийн газар хоорондын хэлэлцээг нэг бус удаа зохион байгуулсан билээ. Мөн 1970-аад оны сүүлээр хулгайлагдсан Мэгүми Ёкотагийн эцэг эх Умард Солонгост төрсөн зээ охинтойгоо Төв Азийн энэ улсад уулзсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг