sonin.mn
СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан тохиолдол сүүлийн хоёр долоо хоног гаруйн хугацаанд нэмж бүртгэгдсэнгүй. Мөн вирусийн гаралтай уг өвчнөөр нас барагсдын тоонд сүүлийн 11 хоногт өөрчлөлт орсонгүй. 
 
Энэ оны тавдугаар сарын 20-нд “MERS”-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг вирусийн халдвар авсан 186 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Энэ тоонд сүүлийн 16 хоног өөрчлөлт орсонгүй. Мөн “MERS”-ээр нас барагсдын тоо 36 хэвээр байна. Халдвар авагсдын 136 нь бүрэн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 14 нь эмнэлэгт хэвтсэн хэвээр байгаа ажээ.
 
Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хэрвээ энэ маягаар халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдэхгүй бол ирэх сарын эхэн үе гэхэд тус улс “MERS”-гүй болох боломжтой. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм. Энэ өвчин дэлхийн хэмжээнд 530 гаруй хүний амийг аваад байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг