sonin.mn
БРЮССЕЛЬ. /ВВС/. Итали болон Грект дүрвэж очсон 40 мянган цагаачийг гишүүн улсууддаа хуваарилан хүлээлгэж өгөх асуудлыг Европын Холбооны /ЕХ/ сайд нар Бельгийн нийслэл Брюссель хотноо хэлэлцжээ.
 
Тэд энэ оны 10 дугаар сараас 32 мянган цагаачийг гишүүн улс орнуудад хуваарилж эхлэхээр болжээ. Үлдсэн 8000 цагаачийг хуваарилах асуудлыг оны эцсээр шийднэ гэж албаны хүмүүс хэллээ. Энэ он гарснаас хойш дайн болон ядуурлын улмаас 150 мянга орчим хүн дүрвэн Европт очсон гэсэн тооцоо байна.
 
Цагаачдын олонх нь Грек болон Италид очжээ. Тус хоёр улс өдөр ирэх тусам нэмэгдсээр буй цагаачдыг хүлээж авах чадалгүй болж байгаа бөгөөд энэ ачааг хамт үүрэхийг ЕХ-ны бусад гишүүн улсад уриалж буй юм.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Газар дундын тэнгист цагаачдын хөлөг онгоц живэн 800 орчим хүн амь эрсэдсэнтэй холбоотойгоор 40 мянган цагаачийг хуваарилах саналыг Европын Комисс гаргасан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг