sonin.mn
Ховд аймгийн Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино. Үүнийг нутгийнхан “Ишгэн толгой” хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд илрүүлжээ.
 
Профессор Д.Цэвээндоржийн тодорхойлсноор Ишгэн толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн-1, адуу-18, үхэр-13, буга, хандгай, гөрөөс-19, тэмээ-1, янгир -17, аргаль-11, могой-5, бар-3, тэмдэг үсэг-53 байдаг аж.
 
Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв, зохиомж, дүр дүрслэлийн арга барилаараа Чандмань хар үзүүрийн зурагтай, зарим шинжээрээ Хойт Сэнхэрийн агуй, Шишкино хясааны зургуудтай тус тус төслөг байна. Иймд археологич А.П.Окладников, Д.Цэвээндорж нар Ишгэн толгойн хадны зургийг дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд, хуучин чулуун зэвсгийн дээд шатанд холбогдуулан үзсэн билээ. 
 
Түүхийн дурсгалт газар Ишгэн толгойн ууланд жи мобайлийн, телевизийн антенн сууриулж, өв соёлыг хамгаалах хууль дүрэм зөрчсөн гэдэг хэл ам гарч байгаа ч одоог хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг