sonin.mn
АНКАРА. /АР/. Энэ долоо хоногийн даваа гарагт амиа золиослон дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой байсан гэж Туркийн засгийн газрын албаны хүмүүс хэллээ. Дэлбэрэлтийн улмаас 32 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан юм.
 
Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Сирийн хилийн ойролцоох Туркийн Суруч хотод болсон дэлбэрэлтийг үйлдэгч нь 20 настай, турк оюутан байжээ. Тэрбээр зургаан сарын өмнө ахтайгаа Сири рүү явж байсан бөгөөд өнгөрсөн сард болсон дэлбэрэлтийг үйлдсэн этгээдтэй холбоотой байсан аж.
 
Лалын босогчдыг дарахын тулд дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж туркчууд засгийн газраа шүүмжилж байна.  Тус улсын засгийн газрын албаны хүмүүс хурцадмал байдал газар авах вий гэж түгшиж байгаа нь илэрхий байна. Тэд “Твиттер”-ийг хаасан аж. Тус улсын ард иргэд “Твиттер”-ээр дамжуулан жагсаал цуглаан хийхийг уриалдаг юм. Мөн Сириэс дүрвэсэн курдууд байдаг дүрвэгсдийн хуарангууд руу явахыг хоригложээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг