sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдыг хөнөөнө гэж заналхийлсэн зурвасыг Цагаан ордны албан ёсны цахим хуудаст нийтэлсэн этгээдийг баривчилсан гэж Сөүлийн Цагдаагийн газар өнөөдөр мэдэгдлээ..
 
АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Марк Липпертийг хөнөөнө гэж заналхийлсэн зурвасыг энэ сарын эхээр бичсэн хэргээр 33 настай И овогтыг баривчилсан байна.
 
Энэ хэргийг албан ёсоор мөрдөн шалгахыг Цагаан ордон хүссэний дагуу Өмнөд Солонгосын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулан И овогтыг долдугаар сарын 14-нд Сөүл хот дахь гэрээс нь баривчилжээ.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, сэжигтэн И нь их сургууль төгсөөд ажилд орж чадахгүй байгаа нэгэн аж. Тэрбээр ганцаардмал байдалтай амьдардаг бөгөөд цагийнхаа дийлэнхийг онлайнд өнгөрөөдөг байна.
 
Энэ оны гуравдугаар сард Элчин сайд Липперт руу хутгаар зэвсэглэсэн этгээд мөн халдаж байсан юм. Үүний улмаас Липперт хацар, гартаа 80 гаруй оёдол тавиулж байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг