sonin.mn
Өнөөдөр “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ хамтран хепатит халдварт өвчинтэй хэрхэн тэмцэх талаар мэдээлэл өглөө.
 
2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
 
Вирүст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их  тархсан халдварт өвчин юм. Манай улс дэлхийд вирүст хепатит өвчлөл, ходоодны хорт хавдрын өвчлөлтөөр ихтэй улс орнуудын тоонд ордог. В вирүст хепатитын эсрэг вакциныг манай улс 1991 оноос бага насны хүүхдүүдэд тарьж дархлаажуулж эхэлжээ.
 
ЭМСЯ-наас Вируст хепатитын халдварыг хяналтад авах зорилгоор “Вируст хепатитыг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан бөгөөд одоогоор батлагдах шатандаа явж байгаа ажээ.
 
Хепатитийн С вирүст халдвар нь хоол боловсруулах замаар хүнээс хүнд дамжин халдварладаг байна. Мөн усаар халдвар тархах тохиолдол элбэг юм. Халдвар авсан тохиолдолд өвчний шинж тэмдэг эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг байна. Шаардлагагүй тохиолдолд тариа, хатгалтаас зайлсхийх, цус цусан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, арьс салт гэмтээдэг хувийн эд зүйлсийг дамжуулан хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд иргэдэд анхаарууллаа. 
 
Нийслэл болон аймгуудад хепатитын С вирүст халдвартай хүнийг эмчлэх хувийн хэвшлийн болон улсын ЭМБ-ын нийт 130 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байгаа аж.
 
Иймээс хэрэв та хепатит С вирүсийн халдвар авсан эсэхээ мэдэхийг хүсвэл өрхийн болон сум дүүргийн ЭМТ-д хандаж болно. Халдвартай тохиолдолд уг өвчний талаар сургалтад хамарсан халдвартын болон дотрын эмчид үзүүлнэ. Хепатитын С вирүс тоолох шинжилгээг хөндлөнгийн хяналтад орсон лабораторид хийлгэх юм. Эм олгох гэрээтэй эмийн сангаас эмчийн цахимаар ирүүлсэн жорын дагуу эм худалдан авна.
 
ДЭМБ-аас вируст хепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг хамтдаа тэмцэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид болон олон нийтэд хандан уриалсан юм.
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг