sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.07.28/ хүлээн авч уулзав.
 
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр "Монгол Улсад хүрэлцэн ирж, ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна. 
 
25 жилийн өмнө болсон Ардчилсан хувьсгал нь Монгол Улсын хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд, бусад улс орны хувьд гайхалтай үйл явдал болсон юм. Ардчилалд шилжих нь амаргүй бөгөөд энэ бэрх замыг туулахдаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс ашиг сонирхолоо тодорхойлох, улс төрийн хувьд тогтвортой байж, хууль ёсоо дээдлэх эрхэм зарчмаас гажаагүй явж ирсэн нь туйлын чухал амжилт.
 
Ардчилал бол тасралтгүй үйл явц. Америкийн Нэгдсэн Улс 200 жилийн түүхтэй ардчиллаа хэрхэн зөв замаар хөгжүүлэх вэ хэмээн оюун санаагаа уралдуулсаар байна" гэлээ.
 
 
Мөн тэрээр, 10 гаруй жилийн өмнө шинэ болон дахин гарч ирж буй ардчилсан засаглалт тогтолцоонуудын хууль тогтоох байгууллагуудыг бэхжүүлэх зорилго бүхий Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийг үүсгэн байгуулахдаа Монгол Улсыг түшиц орон байна хэмээн тодорхойлж байсан бөгөөд хамтран ажилладаг 17 улсын эхнийх нь байсан. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч маань хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллах болно.
 
Бидний хамтын ажиллагаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд идэвхтэй байсан бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх боломж өргөн байна. Тухайлбал, Монгол Улсын ардчиллын 25 жилийн ололт амжилтыг ардчиллыг хөгжүүлэхээр зорьж буй улс орнуудад түгээх, хуваалцах нь чухал гэлээ.
 
 
Улсын Их Хурлын дарга, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийг Ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Ноён Марк Грийн таны хэлснээр ардчилалд хүрэх зам тийм ч дардан байгаагүй.
 
Гэхдээ өнөөдөр эргэн харахад бахархах зүйл бидэнд их бий. Үүнд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн туслалцаа чухал байсан. Улсын Их Хурлын хувьд Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын үйл ажиллагаанаас үлгэр жишээ авч, хамгийн сүүлд л гэхэд Нээлттэй сонсголын танхимыг ашиглалтад орууллаа.
 
Тус танхимыг байгуулахад Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгч байна хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.
 
 
Энэ үеэр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчдийн танхим дахь Америк, Монголын найрамдлын бүлгийн дарга Петер Роскамын илгээсэн Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчдийн танхим болон Монгол Улсын Их Хурлын ардчиллын төлөөх хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн талархалын бичгийг гардуулан өглөө.

Энэхүү уулзалтын дараа Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн төлөөлөгчдөд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы танхим болон Нээлттэй сонсголын танхимыг үзүүлж, танилцуулав.
 
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.