sonin.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны гишүүн, Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хорооны дарга Чэнь Зеньгуо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хорооны дарга Чэнь Зеньгуо болон бусад төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж ирсэнд талархал илэрхийлэв.
 
Уулзалтын үеэр БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хорооны дарга Чэнь Зеньгуо халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлээд хүнс, мал аж ахуй, бэлчээр хамгаалах зэрэг асуудлуудаар санал солилцоход бэлэн буйгаа дуулгав. Мөн БНХАУ болон Монгол Улсын харилцааг хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт эрчимжүүлэх сонирхолтой байна гэв. Тэрээр БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хөрш орнуудтай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгсөөр ирснийг онцлон тэмдэглэв.
 
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд уулзалт дээр хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч хөгжиж буйд баяртай байна гээд хөдөө аж ахуй нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ихээхэн боломжтой салбарын нэг юм гэв. Мөн эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц чухал үүрэгтэй. Тийм ч учраас хилийн боомт, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа дуулгав.
 
Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбар, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.