sonin.mn
Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх форум нь бүс нутгийн орнуудын аялал жуулчлалын хөгжлийг түргэтгэж, хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг оролцогсод онцлов.
 Өнгөрсөн онд Японы Китакиушу хотноо болсон 10 дахь форумаар манай улсад уг чуулганыг зохион байгуулах шийдвэр гарсан юм. МҮХАҮТ-д эхэлсэн уг форумд БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-аас нийт 120 орчим төлөөлөгч оролцож байна. 
 
Тус форумыг 2008 онд Монголд анх удаа зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед эко жуулчлалын асуудлыг хөндөж байжээ. Харин энэ жил “MICE tourism” буюу “Олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн зах зээл” гэсэн сэдвийн дор өрнөж байна. Эл бүс нутагт аялал жуулчлал, зочлох үйлчилгээг хөгжүүлэхэд оролцогч орнуудын хүчин чармайлтыг нэгтгэн бодлого болгон хэрэгжүүлэх, маркетинг хийх судалгаа, шинжилгээ, мэдээллийг хөгжүүлэхэд форумын ач холбогдол оршдог. 
 
 Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, улмаар нислэгийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын улирлыг сунгах шаардлагатай гэдгийг төлөөлөгчид хэлж байсан.Түүнчлэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 30 гаруй оронд “Торгоны зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Манай улс үүнтэй уялдуулан үндэсний хөтөлбөр боловсруулж “Торгоны зам аялал жуулчлал"-ын төслийн нэгж байгуулжээ. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялах чиглэл бий болсныг салбарынхан тодотголоо. Дэлхийн улс орнууд эдийн засгийг хөгжүүлэх нэг түшиц нь  аялал жуулчлалын салбар гэж үздэг. Тиймээс улс орнууд өөр, өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж хэтийн зорилтоо тодорхойлж ирсэн.
 
Энэ хүрээнд манай Улс 2016 он гэхэд нэг сая жуулчин, 2020 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улс 480 мянга орчим жуулчин хүлээн авсан гэсэн судалгаа бий.  Үүний 150 мянган жуулчин галт тэргээр, 300 гаруй нь агаарын тээврийг сонгон үйлчлүүлжээ. Энэ нь ДНБ-ний 4-5 хувийг эзэлж, жилд дунджаар 200 орчим сая ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо гарчээ.
 
Б.Заяа
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг